Жин тонн хэтрүүлж хууль зөрчсөн тохиолдолд хилээр гарах эрхийг нь хязгаарлахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-17 12:46:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Замын цагдаагийн албан хаагчид газрын гадаргын хөлдөлт гэсэлтийн үед босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байгаа аж.

Холбогдох хуулийн дагуу жолооч нар 44 тонноос хэтэрүүлэхгүйгээр ачаа тээвэрлэх ёстой ч ачаагаа 60-90 тонн хүргэж хэтрүүлэх, хууль бус замаар зорчих байдал нийтлэг байгаа бөгөөд энэ нь авто замыг эвдлэх  нөхцөл бүрдүүлж буй.

Нөгөө талаар жолооч нар шөнийн цагаар хол замд нойр дутуу тээвэр хийж осол аваар гаргах нөхцөл бүрдүүлж байгаа аж. Жишээ дурдахад хэдхэн хоногийн өмнө Айраг сумын орчимд мотоциклтой хүн авто машин мөргөж зам тээврийн осол аваар гаргажээ.

Тиймээс зам тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэхэд жолооч нар анхаарал болгоомжтой байх, ачаа тээшээ стандартын дагуу тээвэрлэх, хурдаа тохируулах шаардлага байгааг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв.

Мөн жин тонн хэтрүүлсэн, хууль бусаар зам гаргаж тээвэр хийсэн тохиолдолд хилээр гарах эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.


Холбоотой мэдээ