Гутайн даваа орчмын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлаар санал нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-11 17:28:30

Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Гутайн даваа орчмын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Онон голын сав газарт хамаарах зургаан сумын гурван мянга гаруй иргэдийн ирүүлсэн саналыг хэлэлцэж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хуулийн хүрээнд цуцлуулах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, байнгын хорооны гишүүд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, орон нутгийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн үед анхаарал татсан нэг зүйл бол Гутайн давааны орчмын гүний цэвдэг, Шургадаг, Гутайн гол, зарим булаг шандын зураглал байхгүй, усны тооллогод хамрагдаагүй байдаг тухай яригдсан юм.

Хэнтий аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдааны 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн гуравдугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авахуулахаар санал хүргүүлж байсан бөгөөд зарим талын нэхэмжлэлээр эсэргүүцэж, гурван шатны шүүхэд гомдол гарган, асуудал өрнөж, аймгийн ИТХ-ын шийдвэр хүчин төгөлдөр гэж шүүх үзсэн билээ.

 

Холбоотой мэдээ