АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар Томилгооны сонсгол зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий 19 гишүүн АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд,
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мэдээлэл хийв. Дээрх нэр бүхий гишүүд хамтран УИХ-д
"Баялагтаа эзэн Монгол" лобби бүлэг байгуулсан. Уг бүлэг нь хувийн хэвшил хууль зөрчиж
авсан төрийн өмчийг эгүүлэн авах зорилготой юм. Энэхүү зорилгоо биелүүлэхэд нэн
тэргүүнд хууль, шүүхийн байгууллагад шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг УИХ-ын
гишүүн Т.Аюурсайхан дурдлаа.
Тэрбээр, “Өнгөрсөн 20 гаруй жилийн алдаа завхарлыг залруулж, Монгол Улсын
газрын хэвлий дэх баялгийн эзэн нь ард түмэн байна гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн
тулд хууль, хяналтын байгууллагуудыг шинэчлэх хэрэгтэй. Улсын Ерөнхий пркурорыг шинээр томилсон. Өнөөдөр прокурорын
орлогч нарыг зөвшилцөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүллээ. Мөн АТГ-ын дарга, дэд дарга
болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ойрын хугацаанд томилно. Үүнд иргэд,
хэвлэл мэдээллийн байгууллагууд хяналт тавих хэрэгтэй. Тиймээс АТГ-ын дарга,
дэд даргын томилгооны талаар Томилгооны сонсгол зохион байгуулах болно. Харин прокурор
болон шүүгчийг Ерөнхийлөгч томилдог тул УИХ Томилгооны сонсгол хийх боломжгүй
тул Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогч, Улсын дээд шүүгчийн томилгооны талаар
нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр нэр дэвшигчид
өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж байсан, томоохон хэргүүдийг шийдвэрлэх
чиглэлд хэрхэн ажиллаж байсан талаар тодорхой мэдээлэл авах юм. Ингэж байж улс төрийн хүчнээс ангид, шударга хүнийг томилох боломж бүрдэнэ” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49, 51 хувьтай холбоотой асуудлууд, Монголбанк,
Хөгжлийн банк, Төрийн банкнаас хувийн аж ахуйн нэгжид хууль зөрчин их хэмжээний
зээл олгосон хэрэг, “Хаан ресурс”-ийн 70 сая ам.долларын асуудал, оффшор бүс, “Оюутолгой”
төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, концессын гэрээнүүдийг шалгах талаар Улсын
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлж байгаагаа дурдлаа. Мөн төрийн
удирдах албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох “60 тэрбумын хэрэг”, газрын
наймаа, “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хөрөнгө, “Үнэ
тогтворжуулах хөтөлбөр”, 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, соёлын өвийн
хулгайн хэргүүдийг шалган, шуурхай шийдвэрлэхийг шаардаж буй юм.
Түүнчлэн Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Дүнжингарав орчим болон Туул
гол, Нийслэлийн ногоон байгууламж, Ундны усны хамгаалалттай хэсэгт олгосон газрын
зөвшөөрлийг нэн даруй цуцлах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.