Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүнийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-01 15:16:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2019.04.01/ Бүгд Найрамдах Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд ноён Хосе Игнацио де Мендигүрэн Аргентин-Монголын парламентын найрамдлын бүлгийг Аргентины Төлөөлөгчдийн танхимд байгуулсныг дурдлаа. Мөн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Аргентин, Монголын харилцаанд чухал ач холбогдол өгч, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталдгаа тодотгов.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ноён Хосе Игнацио де Мендигүрэний айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгааг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Тэрбээр, сүүлийн жилүүдэд  Монгол, Аргентины хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг дурдав. Тухайлбал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд саяхан Аргентин Улсад айлчилсан, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.


Талууд уулзалтын үеэр хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, ноос, ноолурын хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ