“Эх дэлхийн цаг–2019” арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-03-31 12:41:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнийг сааруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо  “Гялгар уут, хуванцраас татгалзъя” уриан дор найм дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ үеэр “Цэвэр орчин-Эрүүл хот” аяны нээлтийг хийж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Байгальмаа, БОАЖГ-ын дарга Д.Батмагнай, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга Д.Энхчимэг нар  үг хэллээ. 

“Эх дэлхийн цаг -2019” үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Ус, цаг уур орчны шижилгээний төв, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга, “Гэрэлт өргөө” ХХК, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хамтран зохион байгуулсан юм. Мөн АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутны холбооны тэргүүлэгчид нэгдэн ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Амьд ертөнц миний нүдээр” уран илтгэлийн уралдааны шилдэг оролцогчдын нэг Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагч П.Энхжин өөрийн илтгэлээ уншиж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэхийг уриаллаа.

“Эх дэлхийн цаг–2019” үйл ажиллагаанд нийт 500 гаруй иргэн нэгдэн байгаль эхээ хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэсэн юм.