Үйлдвэрчний эвлэл “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга”-ыг намуудад гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-21 22:57:42

Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны зөвлөлийн дөрөвдүгээр хурал болов. Хурлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагын цаашдын зорилго, зорилт гишүүнчлэл, төсөв санхүүгийн асуудлаа хэлэлцлээ.

Мөн хурлын үеээр МҮЭ-ийн холбоо болон аймгийн ҮЭ-ийн холбооноос аймаг орон нутгийн 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлэх “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг намуудад гардууллаа. Мөн үеэр үйлдвэрчний эвлэлийн байгууллага хэт туйлширч нэг талыг барих хандлага ажиглагдаж байна гэж хуралд оролцсон төлөөлөгчид шүүмжиллээ. Түүнчлэн гишүүнчлэлээ тэлж хувийн хэвшлийн байгууллагуудыг үйлдвэрчний эвлэлтэй болгож тэдний эрх ашгийг хамгаалах шаардлага нийгэмд тулгамдсан асуудал болж байна гэв. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сүүлийн жилүүдэд ажилчин хүний төлөө дуугарахдаа зөвхөн төрийн алба хаагчид болон тэтгэврийн настнуудын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар дуугарч байснаас биш хувийн байгууллагуудын ажиллагсдын төлөө тэр бүр дуугарсан удаа цөөн гэдгийг гишүүд хатуу шүүмжлэв.

Дархан-Уул аймгийн ҮЭХ нь аймгийнхаа 11 мянган хөдөлмөрч иргэнийг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. МУЭХ болон аймгийн ҮЭХ-ноос улс төрийн намуудад гардуулж байгаа “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичигт иргэддээ үйлчлэх үүргээ хариуцлагатай биелүүлдэг цомхон чадварлаг, тогтвортой төрийг бий болгохоос эхлээд ард түмний аж амьралд төрийн бодит оролцоог хангах хэд хэдэн чухал зүйл заалтыг оруулжээ.

                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ