“Brexit”-ийг цуцлах шаардлагад татгалзсан хариу өгөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /TASS/. Brexit-ийг цуцлах хүсэлтийг Их Британийн Засгийн газар Европын Холбоонд /ЕХ/ тавихгүй бөгөөд уг үйл явцыг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ. Ийм мэдэгдлийг Их Британийн Засгийн газар “Brexit”-ийг цуцлах тухай өргөх бичгийн хариуд хийжээ. Холбогдох мэдэгдлийг парламентын цахим хуудсанд мягмар гарагийн орой нийтэлсэн байна.
“Засгийн газар ЕХ-ны тухай Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалтыг үндэслэн гаргасан хүсэлтээ эргүүлэн татахгүй. Бид 2016 онд явуулсан бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүндэтгэх болно. Бид ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах арга замыг тодорхойлох гэрээг батлах асуудалд парламентын гишүүдтэй хамтран ажиллана. Өргөх бичиг маш олон хүний дэмжлэгийг авсан гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч санал өгөх эрхтэй британичуудын дөрөвний гурав орчим нь 2016 оны бүх нийтийн санал асуулгад оролцсон билээ” гэж “Brexit”-ийн асуудал эрхэлсэн яамны мэдэгдэлд дурджээ.
Засгийн газар Их Британийн иргэдэд өгсөн амлалтаа зөрчихгүй гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. “Brexit”-ийг хэрэгжүүлэхээс татгалзах нь иргэдийнхээ Засгийн газарт итгэх итгэлийг алдагдуулахын сацуу Их Британийн ардчиллын үндэс суурьт хүнд цохилт болно" гэж тус улсын Ерөнхий Тереза Мэйн сайд нарын танхим үзэж байгаа аж.
“Brexit”-ийг цуцалж, Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнд хэвээр үлдээх тухай өргөх бичиг нь тус улсын парламентын цахим хуудсанд урьд өмнө байрлуулж байсан өргөх бичгүүдээс хамгийн олон хүний дэмжлэгийг авчээ. Өргөх бичигт хоёрдугаар сарын 20-ноос гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гуравдугаар сарын 18 гэхэд 10 мянган гарын үсэг цугларсан бол 20 гэхэд 100 мянга давж, маргааш нь 2 сая давжээ. Их Британид одоо мөрдөгдөж буй журамд зааснаас үзвэл, 10 мянган хүн дэмжсэн аливаа өргөх бичигт Засгийн газар албан ёсоор хариу өгөх шаардлагатай бол 100 мянга хүрсэн тохиолдолд парламентаар хэлэлцүүлэх ёстой байна. Гэхдээ ямар нэгэн дэмжлэг өргөх бичигт тавьсан шаардлагыг биелүүлнэ гэсэн баталгаа болдоггүй боловч Их Британийн парламент “Brexit”-ийг цуцлах асуудлыг дөрөвдүгээр сарын 1-нд хэлэлцэнэ.