Хүнсний бүтээгдэхүүний давсыг 30 хувь хүртэл багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-26 15:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног" эхэллээ. Энэ жил "Давсыг хоолны цэснээс хасъя!" уриан дор энэ сарын 25-наас ирэх сарын 1-нийг хүртэл тэмдэглэж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Энэхүү долоо хоногийг ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСШУСЯ, МХЕГ хамтран тэмдэглэж байна. 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөдөг 5 граммаас даруй хоёр дахин их байгааг тогтоосон. Насанд хүрэгсдийн хоногт хэрэглэх давсны хэрэглээг 5 грамм хүртэл бууруулах нь хувь хүн болон улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц үр өгөөжийг өгдөг. НҮБ-ын агентлагуудын шинжээчдийн хамтарсан баг Монгол Улс дахь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах арга замын талаарх судалгаа явуулахад давсны хэрэглээг багасгах нь хамгийн чухал гэсэн дүгнэлт гарсан. Бидний тооцоогоор давсны хэрэглээг багасгахад зарцуулсан нэг төгрөг тутамд 15 жилийн хугацаанд 16.9 төгрөгийн эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөж эргэн ирэх боломжтой. Та бүхнийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд өөр өөрийн ажлын байранд  давсны хэрэглээг багасгах чиглэлээр тодорхой ажил санаачлан хийхийг  уриалж байна.

ЭМЯ, НЭМГ-ын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа: Давс нь тархины харвалт, ходоодны хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин болон бөөрний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх, өртөхгүй байх нь биднээс ямар нэгэн үнэ, өртөг шаардагдахгүй харин зөвхөн сонголтоос л шалтгаална.

ХХААХҮЯ-ны ХХҮҮ-ний ахлах мэргэжилтэн Д.Болд: 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хоолны давсны агууламжийг 30 хувь хүртэл бууруулахаар зорилт дэвшүүлсэн. Хоол хүнсний үйлдвэрлэлд давсны агууламж багасгах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэн тогтоох, хүнсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангаснаар иргэдийг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ. Мөн байгалиасаа давс бага агуулдаг үр тариа, жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг төр бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүн амын хоол хүнсний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах, сайжруулах тогтолцоогоо нэмэгдүүлэх зэрэг үр дүн авчирна.


Хэвлэлийн хурлын үеэр иргэд, хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхийг эмч, мэргэжилтнүүд уриаллаа. 

Холбоотой мэдээ