"Эрх чөлөө" ажиллагаа явуулахад бэлтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-25 13:46:32

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ням гарагт “Инстаграм” хуудсаараа дамжуулан “Эрх чөлөө” ажиллагаа явуулахад бэлтгэхийг ард иргэддээ уриалжээ. 


“Засгийн эрхийг хууль бусаар булаан авах явдлыг бүрмөсөн зогсоохын тулд эрх баригчдад дээд зэргээр шахалт үзүүлэх болон “Эрх чөлөө” ажиллагааг явуулахад бэлтгэх цаг нь ирлээ. Бидний тэмцлийн энэ шатанд хүн бүр тодорхой үүрэг гүйцэтгэнэ” гэж тэрбээр бичжээ.


Уг ажиллагааг явуулахын тулд “Эрч чөлөөг олж авахад туслах хороодыг” улс орны өнцөг булан бүрд байгуулна гэдгийг сөрөг хүчний удирдагч мөн дурдсан байна. “Энэ хороод нь дүүрэг, салбар, үйлвэрчний эвлэл, боловсролын болон төрийн байгууллага бүрд эрх мэдлийг булаан авах явдлыг зогсоох зорилгоор суртал ухуулга явуулах ажлыг гүйцэтгэнэ” гэж тэрбээр тодруулсан байна.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж, “Мадурогийн засаг захиргааг хууль бус” гэж мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ