Алтны татварыг 2.5 хувиар тогтоох хуулийн төслийг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-22 18:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм.


Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалтын хэрэгжих хугацааг 2023 он хүртэл сунгах заалт тусгажээ.


Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээд алтны татвар 5 хувь байх ёстой хэмээн үзэж, 2.5 хувиар тогтоосон хугацааг сунгахтай холбоотой хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зөв гэдэгт санал нэгдсэнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганд танилцууллаа.


Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Алтны татварыг 2014-2019 онд 2.5 хувиар тогтоохоос Монголбанк хамгийн ихдээ 6 тонн алт худалдан авдаг байсан. Харин шинэ хуулийг хэрэгжүүлснээр Монголбанк жилд 22 тонн алт авдаг болсон. Энэ нь валютын нөөцийг бий болгож, ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Хэрэв 2.5 хувийн татварыг нэмбэл Монголбанканд тушаах алтны хэмжээ багасаж, валютын ханш өсөж, эдийн засаг хүнд нөхцөлд орно” гэлээ.


Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувиар тогтоохтой холбоотой хуулийн төслийг Засгийн газарт буцаахыг дэмжив. Харин хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг болохтой холбоотой хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Холбоотой мэдээ