Донор эрхтэн хадгалах шинэ технологи бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2019-03-19 15:15:51

БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Аргентины компани донор эрхтэн хадгалахад зориулсан технологи бүтээсэн тухай тус улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Аргентины инновацын зах зээл” цахим платформоор дамжуулан 292 мянган песо /73 мянган ам.доллар/ цуглуулжээ.


“Шинэ технологи нь шилжүүлэн суулгах мэс засал хийх хүртэл эрхтний үйл ажиллагааг хянах боломж олгохоос гадна, хадгалах хугацааг нэмэгдүүлж, ажиллах чадварыг нь дээшлүүлнэ” гэж тус яамны мэдээлэлд дурджээ. Ийм технологийн ачаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо хоёр дахин нэмэгдэж, доноруудын тоо 20 хувиар өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Арваннаймаас дээш насандаа нас барсан хүмүүсийн шилжүүлэн суулгахад тохиромжтой эд эрхтнийг нь хамаатан садных нь зөвшөөрөлгүйгээр авахыг эмч нарт зөвшөөрсөн хууль Аргентин улсад энэ жилээс хэрэгжиж эхэлжээ. Гэхдээ тухайн хүн амьд сэрүүн байхдаа өөрийнх нь эрхтнийг донор эрхтнээр ашиглахыг хориглосон гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй аж.


Уг хуулийг Аргентины нэгэн эмнэлэгт донор зүрхээ дөрвөн сар хүлээсний эцэст нас барсан 12 настай охины дурсгалд зориулж, “Хустины хууль” гэж нэрлэжээ. Аргентины Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны мэдээллээр, тус улсад одоогийн байдлаар 7634 хүн шилжүүлэн суулгах эрхтнээ хүлээж байгаа аж.


Холбоотой мэдээ