Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барих санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-15 12:00:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Өлгий сумын нэг, наймдугаар багийн ар иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй болгоход дэмжлэг үзүүлэх санал тавилаа.

Жишээлбэл, тус сумын нэгдүгээр багийн иргэн Б.Ермурат, "Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүүхэд байгаа. Тэдний эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж гэртээ суудаг. Ажил хийе гэсэн ч тэдний хүүхдийг харах цэцэрлэг, сургууль байхгүй. Тухайн хүүхдүүдийн онцлог байдлыг харгалзан үзэж, сурч боловсрох эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.  

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан уг асуудлыг Засгийн газарт уламжлахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Норвегийн тусламжийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар 2018 оны жилийн эцсийн байдлаар тус аймагт 800 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн дүн гарсан. 2011 онд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг "Дэлхийн зөн" олон улсын байгууллага, орон нутгийн төсвийн дэмжлэг болон эцэг эхчүүдийн хандиваар 280 сая төгрөгөөр байгуулсан байдаг.

Өдөрт 45 хүүхэд хүлээн авч боловсрол олгох, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төвийн үйл ажиллагаа санхүүгийн асуудлаас болж өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш зогссон байдалтай байна. Учир нь өмнөх онуудад аймгийн халамжийн сангаас жил бүр 27 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ирсэн ч энэ жилээс санхүүжилт нь хасагдсан ажээ. 

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг өөр байгууллага  одоогоор тус аймагт байхгүй байна. 


Холбоотой мэдээ