УЦС барих Монголын төслийг хэлэлцэхдээ Оросын саналыг харгалзахыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-03-13 12:49:59

ЭРХҮҮ. /TASS/. ОХУ-ын байгаль хамгаалагчид ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хүсэлт илгээжээ. Түүнд Эгийн гол дээр усан цахилгаан станц /УЦС/ барих Монголын төсөл Байгал нуурт сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэ тухай “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Александр Колотов мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.


Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авч, Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Сэлэнгэ мөрний сав газрыг ашиглан эрчим хүч гарган авах нь нуурын экологийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Оросын байгаль хамгаалагчид үзэж байгаа аж. Байгал нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан билээ.


“Бид Байгал нуурт сөргөөр нөлөөлж болзошгүй Монголын энэ үйл ажиллагаанд санаа зовинож буйгаа илэрхийлсэн хоёр хүсэлтийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд илгээсэн. Эгийн голын УЦС-ын зураг төсөл, барилгын ажлыг түргэтгэнэ гэж үзэх хангалттай үндэслэл бий” гэж Колотов хэлсэн байна. "2019 оны нэгдүгээр сард сонгон шалгаруулалт зарласан боловч хаалттай болсон. Мөн бараг мэдээлэл байхгүй байна. Үүнээс харахад сонгон шалгаруулалтаас өмнө ялагч хэдийнэ тодорсон гэж үзэж болохоор байна" хэмээн тэрбээр онцлон хэлжээ. 


ЮНЕСКО-д илгээсэн хүсэлтдээ Монголын төслийг хэлэлцэхдээ ОХУ-ыг оролцуулах шаардлагатай гэж байгаль хамгаалагчид үзэж буйгаа тусгасан байна. 2018 оны эцсээр Монголд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр баталж, сэргээгдэх эрчим хүч гарган авахад Сэлэнгэ мөрний сав газрыг ашиглахаар тусгажээ. Колотовын үзэж буйгаар, монголчууд төслүүдээ хэлэлцэхдээ ОХУ-ыг оролцуулах төлөвлөгөөгүй байна. Энэ нь ОХУ-ын иргэдийн дарамт шахалтаар Дэлхийн банкны "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх төсөл"-өөр /“MINIS”/ хэрэгжих ёстой байсан Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр усан сан барих төслийг хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой гэж тэрбээр үзэж байна. 


Колотовын хэлснээр, “MINIS” төслийг 2019 оны есдүгээр сард хаахаар болсон тухай мэдээллийг “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллага хүлээж авсан байна. Ийм мэдээллийг төслийн удирдагчид болон Дэлхийн банкнаас өгчээ. Гэхдээ энэ нь Сэлэнгэ мөрний сав газрыг ашиглан эрчим хүч гарган авах төлөвлөгөөнөөсөө Монгол Улс татгалзсан гэсэн үг биш юм гэж тэрбээр үзэж байгаа аж.


Эрчим хүчний хомсдолд ороод байгаа Монгол Улс Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн болон тус мөрөнд цутгадаг гол дээр УЦС барихаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлж байсан билээ. 2017 онд Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр усны урсгал зохицуулах усан сан барих асуудлаар Орос, Монголын хооронд хэлэлцүүлэг болсон юм. Оросын иргэд эдгээр төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Харин Эгийн голын УЦС-ын талаар монголчууд Оросын иргэдтэй одоогоор хэлэлцээгүй байна.


Холбоотой мэдээ