Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх тоологч нарыг бэлтгэж байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-02-19 16:03:19

Ховд/МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-нд Ховд хотод зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн ЗДТГ, Норвегийн тусламжийн байгууллага хамтран судалгааны баг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын тоологч нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалт явуулж байна. 

Тус сургалтад  туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтад ажиллах Жаргалант сумын 12 багийн нийгмийн ажилтан, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гишүүд,  сумдын халамжийн байцаагч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн ажилтнуудын төлөөлөл 30 гаруй хүн хамрагдаж байгаа ажээ.

Сургалтын зорилго нь тоологч нарт хөгжлийн бэрхшээлийн талаар адил тэгш мэдлэг олгох,  улмаар үзлэг тооллого, суурь судалгааг үр дүнтэй зохион байгуулах аргачлал, арга зүйг эзэмшүүлэхэд чиглэж байгаа юм. 

Энэхүү сургалтын чиглүүлэгчээр ҮСХ-ны ХАОСТТ-ны шинжээч Ч.Цогзолмаа, ҮСХ-ны МТГ-ын шинжээч Г.Оюунжаргал, ЖАЙКА, төслийн сургагч багш Тэрүяа Эми нар ажиллаж байгаа бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх улсын үзлэг, тооллого”-ын зорилго, ач холбогдол болон тэгш байдал ба хөгжлийн бэрхшээлийн талаар танилцуулж,  6 төрлийн асуулга нөхөх зарчим, үндсэн ойлголт, тодорхойлолтууд, таблеттай ажиллах анхан шатны заавар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тухайн өрхийн мэдээллийг цуглуулахад анхаарах асуудлуудын  талаар мэдээлэл хийлээ. 

Сургалтын үр дүнд тоологч нар хөгжлийн бэрхшээл болон асуулга нөхөх арга аргачлалын талаар нэгдмэл ойлголттой болох, суралцсан мэдлэгээ ашиглах судалгааны дадлага хийх бөгөөд  улмаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтыг сумдад зохион байгуулах юм. Ингэснээр орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нарийвчлан гаргах ба тэдний нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцлон хэллээ.  

Н. Лхагва 


Холбоотой мэдээ