Хэвлэл, мэдээлэлд монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-16 13:23:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хэлний дархлааг сайжруулах, эх хэлээрээ үг үсгийн болоод утга найруулгын алдаагүй бичдэг болох бүх нийтийн оролцоог хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд монгол хэл утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримталж буй эсэх, гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягт хяналт тавих юм. Мөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалган, холбогдох байгууллагад санал хүргүүлэх аж.

Түүнчлэн Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй гадаадын хуулийн этгээд, ТББ нь Монгол Улсын төрийн байгууллагатай харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журмыг мөрдөж буй эсэхэд хяналт тавих юм.

Холбоотой мэдээ