"Соёмбо" сонины 95 жилийн ой болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-15 12:14:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орноо Батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тэдний баатарлаг, дайчин, бүтээлч үйлсийг нэр хүндтэй түүчээлэн яваа “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

 Цэргийн салбарын анхны сонин  “Ардын цэрэг” нэртэйгээр 1924 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдсэн түүхтэй бөгөөд 1997 оноос “Соёмбо” нэрээр уншигчдын дунд түгж байгаа юм.
Тус сонины редакц 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайны жилүүдэд “Улаан-Одон” сонин, түүнээс салбарласан “Эх орны төлөө” нэртэй фронтын сонины олон арван дугаарыг хэвлэн офицер, дайчдыг ялалтад зоригжуулж, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх түүхэн үүргийг амжилттай гүйцэтгэснийг бид мартах учиргүй. “Соёмбо” сонины редакцаас төрсөн Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Жадамба, орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Тойв, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УИХГ-ын дарга асан, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, "Эх орны төлөө" сонины эрхлэгч, хурандаа гeнeрал С.Равдан, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын 4 удаагийн гишүүн, Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Ганди, Соёлын гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Л.Пүрэвдорж, хурандаа Ж.Ядмаа, Н.Лхагва, А.Баярмагнай, Б.Чантуу, Ш.Чойжил, Д.Жамьян, шинжлэх ухааны доктор Х.Шагдар нарын олон арван алдартнаараа бид бахархдаг.
"Тус сонины хамт олны бүтээлч үйл ажиллагааг төр, засгаас үнэлэн 1949 онд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор, 1974 онд “Сүхбаатарын одон”-гоор шагнасан юм. “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ойн баярын өдрүүдэд тус сонины эрхлэгчээр 20 гаруй жил ажилласан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, чөлөөнд байгаа хурандаа Ж.Ядмаа 100 нас хүрч байгаа нь давхар баяр юм" гэж тус сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр ярилаа.

Холбоотой мэдээ