Бүх насаар хорих шүүхийн шийдвэрийг давж заалджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-14 18:20:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Очир төвд 13 настай охины аминд хүрсэн хэргээр бүх насаар хоригдох ял авсан Б.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох ёстой ч энэ сарын 21-н хүртэл хойшлов.

Тэд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдсан бөгөөд өмгөөлөгчид нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. Энэ дагуу шүүгчид давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулж, дээрх товыг гаргасан байна. Тэдний өмгөөлөгчөөр  П.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг нар ажиллах юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаас тэдэнд бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Хэргийг тодруулбал, 2017 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Очир төвд байрлах зочид буудлын өрөөнд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж, улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. 

Дашрамд дурдахад, шинэ Эрүүгийн хуулинд бүх насаар хорих ял авсан этгээд 25 жилийн дараа суллагдах үндэслэл үүсэхээр заагдсан байна. Монгол Улс цаазын ялгүй 105 дахь орон бөгөөд энэхүү шийтгэлийн оронд бүх насаар нь хорих ялыг хуулинд тусгажээ.

Холбоотой мэдээ