Чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-14 10:41:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төрийн өмчит 12 их, дээд сургуулийн захирлыг хүлээн авч, саналыг нь сонслоо. Уулзалтаар захирлууд дараах саналыг сайдад танилцуулав. 

Боловсролын тухай хуульд “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон норматив зардлаар санхүүжүүлнэ” гэж заасан ч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэхгүй байна. Үүнийг нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын тогтоолоор баталсан Оюутны хөгжлийн зээлийн журмын дагуу төрийн өмчит их, дээд сургуулиудын хувьд нийт квотын 30 орчим хувьд л оюутны зээлд хамруулсан. Зээл авах болзол, нөхцөлийг эргэн харах, зөөлрүүлэх шаардлагатай байна. 2019 онд ЕБС-ийн төгсөгчдийн тоо 18000 орчим буюу өнгөрсөн оныхоос огцом буурч байгаатай холбогдуулан элсэлтийг орон нутагт зохион байгуулах, элсэлтийн босго оноог дахин хянаж үзэх, оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах, Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын 4 их сургуулийг оруулах зорилт тавьсантай холбогдуулан, Олон улсын эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 300 000 ам.доллар нэхэмжилснийг үе шаттай хэлэлцээний дүнд 100 000 ам.доллар болгон бууруулсан. 2020 оноос уг эрэмбэ тогтоох чиглэлээр нийт 2 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Энэ зардлыг 2020 оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тавьсан саналтай танилцаж удирдлагуудын түвшинд  дахин уулзалт зохион байгуулна гэдгийг хэлээд дараах чиглэлээр үүрэг өглөө. 

“БСШУСЯ-ны 2019 оны төлөвлөгөөг батлах гэж байгаатай холбогдуулан төрийн өмчит их, дээд сургуулиуд яамны оролцоотой хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Боловсролын тухай багц хуулийн хүрээнд Дээд боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулна. Иймд гуравдугаар сард багтаан их, дээд сургуулийн удирдлагууд хэлэлцүүлэг зохион байгуулах, чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлөх шаардлагын дагуу шалгалт үнэлгээг яамнаас явуулах саналтай байна. МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС-ийн удирдлагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг Судалгааны их сургууль болох, цаашлаад хотоос гадна цогцолбор байдлаар байгуулах боломжийг судална. Засгийн газраас баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ ажлыг эхлүүлэх нь зүйтэй. БСШУСЯ 2019 оныг Ёс зүйн боловсролын жил болгон зарлаж байна. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллана. Багш нарын сахилга хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх, түүгээрээ өрсөлдөх хөшүүрэг болохуйц ажлыг санаачлах хэрэгтэй” гэв.

 

Холбоотой мэдээ