Эх дэлхийгээ аврахын тулд идэж буй махаа 2 дахин багасгая!

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-31 16:00:36

Гараг дэлхийгээ сүйрүүлэхгүйн тулд, олон сая хүний амь нас хохирохоос зайлсхийхийн тулд хоол хүнсний үйлдвэрлэл ба хэрэглээнд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй болсон тухай Их Британийн шинжлэх ухааны “Science X” цахим хуудсанд нийтлэлч Марлоу Хүүд /Marlowe Hood/ бичжээ.   


Үүний тулд хамгийн гол нь, хоолны орц хэмжээг эрс өөрчилж, хүмүүс одоо хэрэглэж буй сахар болон махныхаа хэмжээ бараг хоёр дахин бууруулж, жимс ногоо ба самрын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ийм дүгнэлтийг 36 эрдэмтнээс бүрдсэн судлаачдын баг хийсэн нь эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд нийтлэгджээ.


“Бид сүйрлийн нөхцөл байдалд ороод байна” гэж судалгааг удирдсан Лондонгийн их сургуулийн профессор, EAT-Lancet комиссын тэргүүн Тим Ланг хэлээд 50 хуудас бүхий судалгааны материалаа танилцуулсан юм.


Өдгөө дэлхий даяар нэг тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бол 2 тэрбум хүн хэт ихээр хоол идэж, эрүүл бус хүнс хэрэглэж байгаа нь таргалалт, зүрхний өвчин, чихрийн шижин өвчин халдвар мэт тархахад хүргэж байгаа юм. Эрүүл бус хооллолтын улмаас 11 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байгаа тухай “Дэлхий даяарх өвчлөлийн дарамт нөлөө” илтгэлд дурджээ.


Үүний сацуу, хүмүүсийн идэж буй хоолны орц хэмжээ нь хүлэмжийн хий үүсэх гол эх сурвалж, биологийн олон төрөл зүйл алдагдах ба эргийн дагуу болон усан дотор үхлийн аюултай замаг тархах гол шалтгаан нь болж байна. Манай гарагийн гадаргын тал хувийг өөрчилсөн хөдөө аж ахуйн салбар нь дэлхий даяарх цэвэр усны нөөцийн бараг 70 хувийг хэрэглэж байна.


“2050 он гэхэд манай гараг дээрх 10 тэрбум хүнийг хооллохын тулд бид одооноос эрүүл хооллолтод шилжиж, хүнсний хаягдлаа эрс багасгаж, хүрээлэн буй орчинд учруулж буй бохирдлыг багасгадаг технологид хөрөнгө оруулах хэрэгтэй байна” гэж дээрх судалгааг зохион байгуулагчдын нэг болох Уур амьсгалын өөрчлөлтийг судлах Потсдамын хүрээлэнгийн захирал Йохан Рокстром ярьж байна. 


“Энэ бүхнийг хийх боломжтой, гэхдээ үүний тулд ямар ч байсан дэлхийн хэмжээний хөдөө аж ахуйн хувьсгал хийх хэрэгтэй болно” гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.


“Хүнсний аугаа их хувьсгал”-ын гол зорилт бол өдрийн 2500 калори илчлэг бүхий “үлгэр жишээ” хоол хүнс юм.  “Гэхдээ бүх хүмүүс ийм хэмжээгээр хооллох ёстой гэж бид батлах гээгүй юм. Өргөн утгаар нь авч үзэх юм бол, энэ нь мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж, жимс ногооны хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн үг” гэж Тим Ланг ярьж байна.


Уг орц хэмжээг мөрдсөнөөр хүн өдөрт 7-14 гр мах хэрэглэх аж. Харьцуулбал, хамбургерт агуулагддаг котлет 125-150 гр жинтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ихэнх баян чинээлэг орнууд болон Хятад, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын иргэд махныхаа хэрэглээг 5-10 дахин багасгах ёстой болж байна.

 

Гол асуудал бол үхрийн мах


Гэрийн тэжээмэл мал амьтад нь метаныг асар ихээр ялгаруулж, дэлхийн дулаарлыг бий болгож байгаа билээ. Малаа хариулах бэлчээр гаргахын тулд нүүрстөрөгчийг өөртөө шингээж байдаг ой модыг Бразил улсад асар ихээр тайрч огтолж байна.

“Уур амьсгалын тухайд гэвэл, нүүрс бол хамгийн бохир органик түлш гэдгийг бид мэднэ. Харин хүнс хоолны тухайд, үр тариагаар тэжээсэн үхрийн мах бол үүнтэй яг адил” гэж Рокстром үзэж байна. Нэг кг мах үйлдвэрлэхэд дор хаяж 5 кг үр тариа шаардагддаг аж. Гэтэл тавган дээр тавьсан үхрийн гол мах, хонины хавирганы 30 орчим хувь нь хогны саванд хаягддаг билээ.  


...Харин сүүг өдөрт нэг стакан буюу 250 гр-ыг ууж, хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй гэдгийг судалгааг явуулсан эрдэмтэд үзэж байгаагийн зэрэгцээ долоо хоногт 1-2 ширхэг өндөг идэхийг зөвлөжээ.


Эсрэг байр суурь


Хоолны дэглэмээ ингэж өөрчлөхийн зэрэгцээ вандуй, сэвэг зарам (чечевица) болон жимс ногоо, самрын хэрэглээгээ 100 хувь нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Үр тарианы ургамлууд нь маш ашигтай тэжээлийн бодисуудыг агуулдаг билээ.


“Манай гарагийн нөөц шавхагдаж буй энэ үед хүн төрөлхтөн цаашдаа одоогийнх шигээ хооллосоор байх боломжгүй болно. Хүн төрөлхтний 200 мянган жилийн түүхэнд анх удаагаа хүмүүс бид эх байгаль, эх дэлхийтэйгээ тэрсэлдэх боллоо ” гэж “Ланцет” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Хортон ярьж байна.


Харин дээрх илтгэл нь мах, сүүний үйлдвэрийнхэн болон зарим шинжээчдийн зүгээс эрс шүүмжлэлтэй тулгарсан байна. “Олон нийтийн анхаарлыг татахын тулд хэт туйлширч байна. Хооллолтын талаар зөвлөмж өгөхдөө бид хариуцлагатай хандах нь зүйтэй” гэж Европын Сүү үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Александр Антон хэлээд “сүүнд олон төрлийн тэжээлллэг бодис, амин дэмүүд агуулагддаг” болохыг дурдсан байна.


Хүн төрөлхтөн ба эх дэлхийг аврах зорилго бүхий “Ланцет”-ын хоолны дэглэм


Лондонгийн Эдийн засгийн сургуулийн судлаач Кристофер Сноудон ярихдаа  “дээрх илтгэл нь “асрагч төр”-ийг бий болгохын төлөө тэмцэж буй хүмүүсийн бодол санааг тусгаж байна” гэжээ.


Үүний хариуд дээрх судалгааг удирдсан Лондонгийн их сургуулийн профессор Тим Ланг хэлэхдээ “бидэн рүү иймэрхүү маягаар дайрч давшилж буй нь санамсаргүй хэрэг биш ээ. Бидний судалгааны дүнг үгүйсгэн шүүмжилж буй тэдгээр компаниуд “шинэ нөхцөл байдалд дасан зохицохгүй аваас өөрсдөд нь ирээдүй байхгүй” гэдгийг сайн ойлгож байгаа. Хямрал дэгдэж байж дээрх нөхцөл байдал үүсэх үү, эсвэл бид үүнд одооноос бэлтгэж эхлэх ёстой юү гэдэг асуулт урган гарч байна” гэлээ. 


Харин зарим үндэстэн дамнасан корпорациуд судалгааны илтгэлд нааштай боловч болгоомжлонгуй хандаж байгаа аж.


“Хүмүүсийн эрүүл мэнд, экологийн тогтвортой байдлын тусын тулд улс орнуудын эрх баригчид үндэсний хэмжээний зөвлөмжүүд гаргаж, хөдөө аж ахуйд олгож буй татаасаа дахин хуваарилснаар өөрчлөлтийг хурдавчлах ёстой”. Энэ бол Тогтвортой хөгжлийн асуудлаарх бизнес эрхлэгчдийн Дэлхийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэл юм.


Орчуулсан Б.Адъяахүү


Эх сурвалжууд: Их Британийн “Science X” сэтгүүл https://phys.org/news/2019-01-human-diet-catastrophic-planet.html

https://inosmi.ru/science/20190121/244423922.html

 

Холбоотой мэдээ