Аймгийн аварга малчин С.Намширын бордсон үхрийн махны гарц 300 кг-д хүрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-31 20:59:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Батширээт сумын Барх багийн малчин С.Намшир, Х.Мөнхцэцэг нарт аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар “Аварга малчин”-ы үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн аварга малчныг шалгаруулахдаа тухайн малчны нийгмийн хариуцлага, малын чанарлаг, таваарлаг байдал, мал маллах арга ухаан, бусдыг малжуулсан байдал, гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх зэрэг 20 гаруй үзүүлэлтийг харгалзан үздэг.

Аймгийн шинэ аварга С.Намшир сумынхаа ИТХ-ын төлөөлөгч, багийнхаа 43 айлыг нэгтгэсэн “Хайрхан” бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, “Таван эрдэнэ” хоршооны тэргүүлэгчээр ажилладаг, нийгэм, олон нийтийн зүтгэлтэн хүн. Анх 37 тооны үхэртэй мал аж ахуй эрхэлж, өдгөө мах, сүүний чиглэлийн 300 шахам үхэр өсгөжээ. Мах сүүний чиглэлийн Сэлэнгэ үүлдэрийн /хуучнаар казакын цагаан толгойт/ угшлын бухтай. Үйлдвэрт тушаах махны чиглэлийн үхрээ тусгайлан борддог. Тухайлбал, өвөлдөө харзны ус уулгаж бээрүүлээд, хашаанд өвс, тэжээл идүүлэх маягаар тарга хүчийг нь хадгалахын зэрэгцээ, махан тарга авахуулна. Ийнхүү буриад аргаар бордсон нэг эр үхрийн махны гарц /нядалгын жин/ 270-320 кг орчим татдаг байна.

С.Намшир эхнэр Х.Мөнхцэцэгтэйгээ 1996 онд ханилж, гурван хүүхдийн эцэг эх болжээ. Хэнтий аймаг 2018 оноос малчдынхаа гэргийд аваргын цол, тэмдгийг гардуулан өгч эхэлсэн. Үүнд Х.Мөнхцэцэг малчин эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийллээ. Эднийд энэ хавар 70 шахам үнээ тугаллана. Сүүлийн жилүүдэд үндэсний ууган үйлдвэр “СҮҮ” ХХК-ийн ханган нийлүүлэгч өрхөөр ажиллаж, зургаадугаар сарын 10-аас эхлэн хоёр сарын хугацаанд сүүгээ нийлүүлж байгаа ажээ. Өдөртөө 120-130 литр сүү 450-500 төгрөгөөр нийлүүлдэг, өдрийн орлого 60,000 төгрөгөөс буухгүй гэдгийг аварга Х.Мөнхцэцэг хэллээ. Мөн сүүлийн гурван жил сааль сүүний улиралд саальчин авч, сарын 350.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байгаа аж.

Хоёр малчинд аймгийн аварга малчин цол соёрхох ёслол, хүндэтгэлд Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Барх багийн ИНХ-ын дарга н.Мэндсайхан, Засаг дарга н.Чулуун, авга ах н.Лхагва, алтан хөрш н.Дугарсүрэн, н.Ганбаатар нарын 30 гаруй хүн хүрэлцэн ирлээ. 2018 онд Барх багийн иргэдийн хөдөлмөр зүтгэл, идэвх оролцоог үнэлэн сумын тэргүүний баг, хамт олноор тодруулжээ.

 

Холбоотой мэдээ