Шатахууны хулгайн хэрэгтэй тэмцэх зорилгоор ядуурлын эсрэг кампанит ажил өрнүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-23 15:12:44

МЕХИКО. /Xinhua/. Мексикт шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 93 хүрсэн энэ үед шатахууны хулгайн хэрэгтэй тэмцэх зорилгоор ядуурлын эсрэг цуврал кампанит ажил өрнүүлэхээр болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдээлэв.


Энэхүү хөтөлбөрт Засгийн газар 200 сая орчим ам.долларыг зориулахаар төлөвлөж байгаа ба үүнд тэтгэмж, тэтгэвэрийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрүүдэд зээл олгох зэрэг багтаж байгаа ажээ. Хөтөлбөрийн зорилго нь шатахууны хулгайн хэрэг түгээмэл гардаг бүс нутгуудын 1.7 сая хүний амьжиргааны түвшинг сайжруулах ажээ.


“Засгийн газрын дэмжлэгийг хүлээн авснаар Мексикийн ганц ч иргэн шатахуун хулгайлах шаардлагагүй болно” гэж А.Обрадор хэлсэн байна.


“Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Идальго мужид шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 93 хүн амиа алдсан” гэж Мексикийн Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлжээ. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, дэлбэрэлт болох үед 600-800 хүн гоожиж буй шатахууныг тосохоор цугласан байсан аж.


Дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртсэн 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас нэг хүний биеийн байдал тун хүнд байна. 

Холбоотой мэдээ