Stratfor: Оростой энхийн гэрээ байгуулах Абэгийн мөрөөдөл биелэх үү?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-01-24 14:07:14

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь Абэгийн хувьд 2012 онд Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 25 дахь удаагаа хийж буй уулзалт бөгөөд энэ удаад тэрбээр Дэлхийн II дайнаас хойш хоёр улсын хооронд оршсоор байгаа санал зөрөлдөөнийг зохицуулах гэсэн итгэл найдварыг өвөрлөн Москвад иржээ. Дайн дууссанаас хойш хэдийнэ 70 гаруй жил өнгөрсөн боловч Орос, Япон хоёр дайны байдалд хэвээр байгаа бөгөөд Энхийн гэрээ байгуулах нь Абэгийн улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм.


Хэрвээ дайны дараах зөрчил ужигран сунжраагүйсэн бол Зүүн Хойд Азийн геополитикийн нөхцөл байдал ба эдийн засаг, стратегийн нийтлэг ашиг сонирхол нь Япон, Орос хоёрыг илүү нягт харилцаатай болгох байлаа. Өнгөрсөн олон жилийн хугацаанд газар нутгийн асуудлаар болж байсан хэлэлцээнүүд байнга тасалдаж, тодорхой үр дүнд хүрэхгүй байсан ба хэлэлцээ бүтэлгүйтэх бүрт талууд бие биенийгээ буруутган зэмлэх шалтгаанууд дахиад л бий болж байв. Абэгийн эцэг бөгөөд багш нь болох Шинтаро Абэ 30 жилийн тэртээ нас барахынхаа өмнөхөн Орос улстай энхийн гэрээ байгуулахыг гэрээслэн захижээ. 2012 онд Ерөнхий сайдаар дахин томилогдсон Абэ энэхүү гэрээслэлийг өөрийн улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгосон билээ.  


2018 оны 9 дүгээр сард гуравдахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа тэрбээр Москватай харилцаагаа зохицуулах үйл ажиллагааг илүү эрчимтэйгээр явуулах боллоо. Засгийн эрхийг баттай барьсан Абэ уг асуудлыг дахиад хойшлуулахыг хүсээгүй бөгөөд Японд болох “Их20”-ын уулзалтын үеэр Энхийн гэрээ байгуулна гэсэн маш амбицтай том зорилгыг өмнөө тавьжээ. Ерөнхий сайдаар олон жил ажилласан, улс орондоо улс төрийн асар их нөлөөтэй зэрэг нь өмнөх удирдагчдын оролдлогуудыг бүтэлгүйтэхэд хүргэж байсан дотоод дахь улс төрийн бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд нь тус дөхөм болно хэмээн Абэ найдаж байгаа юм.     


...Гэхдээ Оростой харилцаагаа зохицуулах гэсэн түүний оролдлогууд бол эрсдэлтэй тоглоом юм. Курилын арлуудын асуудлаар зөвшилцөлд хүрэх сонирхол Москвад тун бага байгаагийн зэрэгцээ бүлэг арлуудын талаарх байр сууриа улам чангатгав. Арлуудын харьяаллын асуудлаарх хоёр орны байр суурь улам бүр холдсоор байгаа нь Абэгийн мэдэгдэж байсан тэр цаг хугацаанд багтан хэлэлцээ амжилттай болох магадлалыг багасгаж байна.


Том итгэл найдвар ба багахан ахиц дэвшил


Хүйтэн дайн намжихын хэрээр хоёр талын стратегийн нийтлэг ашиг сонирхол нь Япон, Орос хоёр илүү нягт түншлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Оршин тогтнож байсан сүүлчийн жилүүддээ ЗХУ нь хавчигдан тусгаарлагдсан байдлаас /барууныхны бий болгосон/ гарах, сулран доройтож байсан эдийн засагтаа шинэ уур амьсгал оруулахыг эрмэлзэж байлаа. ЗХУ задарсны дараах Орос улс ч гэсэн Токиотой харилцах харилцаандаа эргэлт гаргахыг чухалчилж байв. Тэр үед Курилийн арлуудын талаарх Японы шаардлагыг Москва хэсэгчилсэн байдлаар хангаж, буулт хийхэд бэлэн байсан. Гэвч гол асуудлаа уялдуулан зохицуулаагүй байсан, хоёр улсад төр засаг солигдсон нь бүхий л оролдлого бүтэлгүйтэхэд хүргэсэн билээ. Ингээд эл асуудал 10 гаруй жилээр хойшлогдон мартагдлаа. Харин 2012 онд Абэ засгийн эрхэнд гарсан нь хэлэлцээ амжилттай болох нь гэсэн итгэл найдварыг эргүүлэн авчрав.   


Хятадын сүр хүч нэмэгдсээр байгаа, хоёр Солонгос байр сууриа улам бүр уялдуулан зохицуулж байгаа зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Токиогийн эрх баригчид Орос улстай түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийв. Москватай харилцаагаа зузаатгах нь Хятад-Оросын хэлхээ холбоог тэнцвэржүүлэхэд тус дөхөм болохоос гадна Оросын Алс Дорнодын эрчим хүчний нөөц баялагт хүрэх боломжийг Японд олгоно. Түүнээс гадна, Японтой харилцаагаа бэхжүүлэх нь Номхон далай дахь АНУ-ын оролцоог тэнцвэржүүлэх, Москвад шахалт үзүүлсээр байгаа АНУ-ын холбоотнуудын нэгдсэн фронтыг сулруулах зорилго өвөрлөсөн Оросын талд ч ашигтай. Нөгөө талаас, Орос улс суларсаар буй эдийн засгаа тэтгэх, Алс Дорнод дахь Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд Японы хөрөнгө оруулалтыг ашиглах нь зүйн хэрэг.   


Шикотан арал 


Москвагийн хувьд газар нутгийн маргаан ба энхийн гэрээ нь тийм ч чухал /Токиотой харьцуулахад/ асуудал биш юм. Оросуудын үзэж байгаагаар, хоёр орны харилцаа нь энхийн гэрээгүйгээр 70 жилийн турш хөгжсөөр ирсэн ба Японы бага хэмжээний хөрөнгө оруулалт нь Оросын эдийн засагт бодитой ашиг тусаа өгөөгүй аж. Зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулах сонирхол Москвагийн эрх баригчдад өчүүхэн төдий байна. Крымын хямралын талаарх таагүй дурсамж мартагдаагүй байгаа, эдийн засгийн асуудлуудаа шийдэхээр тэмцэж буй өөрийг нь дэмжих нь багасч байгаа зэргийг харгалзан үзэх аваас одоохондоо газар нутгийн асуудлаар ямар нэгэн буулт хийх цаг биш гэдгийг Путин сайн ойлгож байгаа.  


Итгэл найдвар сэргэсэн нь


......Гэвч ахиц дэвшил гарна гэсэн итгэл найдвар саяхнаас дахин сэргэж эхэллээ. 2018 оны 11 дүгээр сараас хойш хоёр удаа уулзсан Путин, Абэ нар энхийн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хурдасгах, хэлэлцээний шинэ форматыг бий болгохыг хоёр талын дипломат ажилтнуудад даалгав. Хэлэлцээ хийх эхлэлийн цэг нь 1956 оны Зөвлөлт-Японы тунхаглал мөн хэмээн хоёр улсын удирдагчид зарчмын хувьд тохиролцлоо.  Тунхаглалд зааснаар, энхийн гэрээ байгуулсны дараа Орос улс Шикотан, Хабомаи гэсэн хоёр арлыг Японы талд шилжүүлэн өгөх юм. 


Өнгөрсөн хугацаанд Абэ болон түүний өмнөх удирдагчид ийм байр суурь баримтлах боломжийг судалж байжээ. 1956 оны тунхаглалыг “эхлэлийн цэг” болгон авч үзэхдээ Токиогийн өмнө нь баримталж байсан уян хатан бус байр суурийг өөрчлөхөд бэлэн гэсэн дохиог Абэ өгч байна. Энэ нь Японы тал зөвшилцөлд хүрэх оролдлого хийх нь гэсэн итгэл найдварыг төрүүллээ. Түүнээс гадна, Японы дотоодын улс төрийн асуудлууд ба засаг төр солигдож байсан нь хэлэлцээний явцад нэг бус удаа саад учруулж байсан гэдгийг тооцож үзсэн Абэ өөрийгөө “ойрын үед хэлэлцээ байгуулахад хамгийн тохирох удирдагч” хэмээн харуулахыг оролдож байна. Тэрбээр 2021 оны 9 дүгээр сард Ерөнхий сайдын албаа өгөх юм.  


Хамгийн хүнд хэцүү үе эхэллээ


Хэлэлцээ хийх “эхлэлийн цэг”-ийг тодорхойлсноороо Токио, Москва хоёр хэдэн арван жилийн өмнө эхлүүлж байсан тэр зүйл рүүгээ буцаад очсон гэдгийг санах нь зүйтэй. Хэдийгээр энхийн гэрээг байгуулахыг Абэ үнэхээр хүсч байгаа ч гэсэн уян хатан хандлагыг үзүүлэхэд Путин хэр зэрэг бэлэн байна вэ гэдэг нь хэлэлцээ амжилттай болох эсэхийг шийдвэрлэх хүчин зүйл юм. 


Одоогоор хэлэлцээний хэтийн төлөв тийм ч их найдвар төрүүлэхээр биш байгаад гайхах хэрэггүй. Хэлэлцээний талаар Японы тал өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлж байгаа боловч энэхүү хэт өөдрөг үг яриаг нь Оросын тал үгүйсгэлээ. 2014 онд Крымыг нэгтгэснээсээ хойш Орос улс газар нутгийн харьяалал, бүрэн эрхийн асуудалд илүү эмзэг хандах болсон юм. Өөрийнх нь нэр хүнд Орост унаж буй энэ үед Путин олон нийтийн дунд сөрөг уур амьсгал бий болгохоос зайлсхийхийн тулд маш болгоомжтой ажиллах болно. Саяхан явуулсан санал асуулгын дүнг үзвэл, оросуудын 75 гаруй хувь нь Курилын асуудлаар Японтой гэрээ байгуулахыг эсэргүүцэж байгаа аж. Москва хатуу байр суурьтай байгааг үүгээр тайлбарлаж болно. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Японы Гадаад хэргийн сайдтай саяхан уулзах үеэрээ “Дэлхийн II дайны үр дүн, түүний дотор маргаантай арлууд Орос улсад харьяалагдана гэдгийг Япон улс хүлээн зөвшөөрөх нь Оросын талын тавьж буй эхний болзол нөхцөл мөн” гэж онцлон тэмдэглэсэн юм. Ингэснээр Орос улс 1956 оны тунхаглалын дагуу хоёр арлыг хянах эрхийг шилжүүлэн өглөө ч гэсэн тус улс тэдгээрийг эзэмших эрхийг /харьяандаа байлгах/ хадгалж үлдэх болно.   


Харин Японы олон нийтийн үзэж байгаагаар, ийм урьдчилсан болзол тавих нь хэлэлцээ бүтэлгүйтэхэд хүргэх ажээ. Ийм байр суурь баримталснаараа Орос улс дахиад өөр шинэ шаардлагуудыг тавих боломжтой болж байгаа юм. Шикотан, Хабомаи арлуудыг Японд шилжүүлэн өглөө ч гэсэн тэнд Америкийн цэргүүдийг байрлуулахгүй байх, өөрийн нутаг дэвсгэрт Америкийн дэд бүтцийг байгуулах талаарх байр сууриа эргэн харахыг Токиогоос шаардаж магадгүй. Газар нутгийн харьяаллын асуудлаар буулт хийх нь Америкийн цэргийн баазууд болон пуужингийн объектуудыг өргөтгөхөд хүргэхээр нөхцөл байдал үүсгэх аваас Оросын тал уг асуудалд маш хатуу чанд хандсаар ирсэн.


Гэсэн хэдий ч хэлэлцээний хаалга үүд бүрмөсөн хаагдчихаагүй байна. Японы мэдээллийн “Киодо” агентлагийн мэдээлснээр, аюулгүй байдлын баталгаатай холбоотой заалтыг энхийн гэрээнд тусгах боломжийг хоёр тал судалж байгаа аж. Уг заалтад “хоёр тал бие биенийхээ эсрэг цэргийн түрэмгий ажиллагаа явуулахаас татгалзана” гэж дурдах аж. Эцсийн эцэст, дээрх шаардлагууд нь тухайн арлуудын талаарх Япон, Оросын байр суурь, зорилго хэр зөрүүтэй байна вэ гэдгийг харуулахаас гадна Абэ хүссэн амжилтдаа хүрэхийн тулд хэр зэрэг их зүйлийг хийх ёстой гэдгийг тодорхойлж байгаа юм. Одоо Абэд цаг хугацаа тун бага үлдсэн гэдэгт л асуудлын гол нь оршиж байна.


Товчлон орчуулсан Б.Адъяахүү  

Эх сурвалжууд: https://worldview.stratfor.com/article/odds-appear-stacked-against-abes-dreams-russian-treaty

https://inosmi.ru/politic/20190123/244442766.html

Холбоотой мэдээ