Ц.Идэрбат: Хэрлэн сум, Чингис хот цаашдаа илүү том зорилготой сум, том амбицтай хот байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-23 14:17:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Сонгууль болохоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт орж, гал унтраах маягаар явж ирсэн Чингис хотын олон тулгамдсан асуудал цэгцэрч байна. Энэ асуудлуудыг шат дараатайгаар цэгцэлж, хөгжлийн шанг татаж яваа нэгэн бол Чингис хотын захирагч Ц.Идэрбат. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч хэмээх хариуцлагатай албыг хашиж яваа түүнтэй хотын хөгжлийн талаар, хоёр жилийн туршид хэрхэн ажиллаж ирсэн талаар нь цөөн хором хөөрөлдлөө.  

-      - Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд жил бүрийг тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын биелэлт болоод алдаа оноогоо дүгнэвэл?

-2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад манай баг хамт олон идэвхи санаачлагатай ажиллаж ирлээ. Сумын Засаг даргын хувьд иргэдийнхээ амьдралд зайлшгүй шаардлагатай шийдлээ хүлээсэн асуудлуудыг иргэдийнхээ оролцоотой тодорхойлж, тухайн жилийнхээ нэн түрүүнд шийдвэл зохих асуудалд чиглүүлэн ажиллаж ирсэн. Асуудлыг шийдэх гарцыг иргэдээсээ асуудаг болсон нь дэвшилт болсон. Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг 6 бүлэг, 109 заалттай боловсруулж, сумын ИТХ-ын хуралдаанаар батлуулан жил бүр мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалттай сайн биелүүлж ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.2017, 2018 онд Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сумын ИТХ-ын хуралдаанаар Хангалттай сайн буюу онц үнэлж дүгнэгдсэн байна. Бидний хувьд Боловсрол, Эрүүл мэнд, ХАА, Нийгмийн халамж, хамгаалал, спорт гээд бүхий л салбарт хүрч ажиллаж байна. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын тал дээр түлхүү анхаарч, тухайн салбарынхантай хамтарч ажиллаж байна.

-2017 онд аюулгүй ая тухтай орчинд амьдрах наад захын нөхцөлийг бий болгохын тулд хотынхоо хогны асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүд рүү чиглэсэн гэрэлтүүлэг, хонхор хотгорыг тэгшлэх, хаягжилтын ажлуудыг эхлүүлсэн байдаг. Аливаа ажилд иргэдийн оролцоог бий болгож ажилласан маань үр дүнгээ өгч байна. Тухайлбал, дээр дурдсан хогны менежментийг боловсруулахдаа иргэдийнхээ санаа бодлыг сонсож судалгаа явуулсны үндсэн дээр хот тохижилтын хамт олонтойгоо хамтарч энэ ажлыг амжилттай зохион байгууллаа.

2018 онд бид дан ганц гэр хороолол руу анхаарлаа хандуулаад орхих биш орон сууцныхаа иргэдийн ая тухтай байдлыг бий болгохыг зорьсон. Орон сууцны орц, дээврийн засвар, орчны тохижилт, камержуулалт гээд СӨХ хариуцах ёстой. Гэтэл СӨХ-ны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Тиймээс Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор ахлуулан ажлын хэсэг байгуулж, оршин суугчдаас санал асуулга авах судалгааны ажилдаа орсон. Улмаар “Өндөрхаан” СӨХ  тухайн оныхоо 3-р сард анхны хурлаа хийгээд 5-р сард үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн. Тухайн үед 900 гаруй оршин суугчидтай хамтарч ажиллаж байсан бол одоо 1500 гаруй өрхийг хамарч, өргөжөөд байна. Мөн тухайн онд Хэрлэн суманд хэрэгжиж буй зээлийн сангуудын зарцуулалт болоод эргэн төлөлтийн асуудлыг анхаарч ажилласан. Хариуцлагагүй хандсан зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн биелэлтийг хангахын тулд 2017 онд “Бусдадаа боломж олгоё-1”, 2018 онд “Бусдадаа боломж олгоё-2” аяныг зохион байгууллаа. Энэ бол Хэрлэн сумын ажилгүйдэл ядуурлыг бууруулах гол ажлын нэг юм. Үүний үр дүнд бид нилээн ахиц дэвшилтэй ажилласан. Цаашдаа зээлээ төлөхгүй байгаа иргэдийн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд орж байгааг дуулгах нь зүйтэй болов уу. Энэ мэтчилэнгээр иргэдийн эрүүл аюулгүй орчин, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар өнгөрөгч онд дэвшилттэй ажиллаж чадлаа. Хэрлэн сумын өрхийн эмнэлгүүд анх удаа 2017 оноос үнэгүй шинжилгээ  авдаг боллоо. Мал гахай бүхий иргэдийг гаргах ажил амжилттай хэрэгжиж байна. Сурагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, багш нарын ур чадварыг сайжруулах зорилгоор анх удаа массын олимпиад сургалтуудыг явуулж эхэлсэн. Гэр хорооллын гэрэлтүүлгийг жил бүр нэмэгдүүлж, хонхор хотгорыг засаж, ухаалаг худгийг бий болгож, гэр хорооллын эгнээ гудамжийг бүрэн хаягжуулж дуусгасан байна.

-   - Өнгөрсөн хугацаанд санаачилж эхлүүлж байсан эдгээр ажлууд ард үлдэх биш цааш цаашдаа жигд үргэлжилнэ гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Санаачилж эхлүүлсэн ажлууд ирэх он жилүүдэд улам төгөлдөржөөд явна. Эргэж тухайн асуудлыг задлаж, дахин дахин зууралдах шаардлагагүйгээр бодитой хийж гүйцэтгээд явах учраас дараа дараагийн том ажлууддаа түүртэлгүй орж ажиллах юм.

-      -   2019 онд Хэрлэн суманд бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдах вэ?

2019 онд Хэрлэн суманд  томоохон бүтээн байгуулалт өрнөнө. Улсын болон аймаг, сумын төсвөөр нийтдээ 15 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын сүлжээг сайжруулах, орон сууцнуудын гадна тохижилтын ажлууд, Хэрлэн сумын 5-р багийн хөгжлийн төв, өрхийн эмнэлгийн барилга, 1-р багийн дахин төлөвлөлтийн асуудал он дамнан яригдаж ирснийг энэ онд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Танайд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Нийтийн тээврийн асуудлыг шинэлэг хэлбэрээр (Монголд үйлдвэрлэгдэх цахилгаан автобус) зохион байгуулахаар боллоо. Найман цаг цэнэглэж, 100 км явах боломжтой энэ эко автобусыг Чингис хот дотор 8 чиглэлд явуулна. Харин энэ 8 чиглэлийг иргэдээс санал авч сонгоно гэж. Энэ онд Хэрлэн суманд дулааны цахилгаан станцын бэлтгэл, дулааны хоёрдугаар хэлхээний ажил, хийгдэхээр болсон. Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1, 6 дугаар багт хүүхдийн цэцэрлэг, Тэмүүжин ЦС-ын дотуур байр, 3 дугаар багийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, 2,3дугаар багт ахуйн үйлчилгээний төв, 4 дүгээр багийн ахуйн үйлчилгээний төвийн гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ, Чингис хотын 42 цэгт камер, "Хэнтий ус"ХХК-д Бохир усны машин, Өлзийт, Тахилгат тосгонд бэлчээрийн худаг, 1 дүгээр багт аялал жуулчлалын гудамж тохижуулах, Ундны усны 4 худгийг ухаалаг системд холбох, 5 дугаар багийн БАМ-ын байшинг цэвэр, бохир усны системд холбох, 4 дүгээр багийн 40 айлын инженерийн шугам сүлжээний эхлэлийн ажил, 5 дугаар багийн тоглоомын талбай, Нийтийн тээврийн автобусны граж, хашаа, замын сангийн хөрөнгөөр Чингис хотын төвд шинээр авто зам барих, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, Хэрлэн голын гүүрний постны зогсоол, зам, засвар арчилгаа зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ахуйн үйлчилгээний төвүүд, дулааны шугам сүлжээний засварууд зэрэг ажлууд багтсан байгаа бол орон нутгийн төсвөөр хөдөө аж ахуйн ажлуудын санхүүжилт хийгдэхээр байна. Эдгээр ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх орон нутгийн ААН, мэргэжилтэй иргэдээ дэмжиж ажиллахыг зохион байгуулна. Ингэснээр бүтээн байгуулалт, ажлын байртай болох, өрхийн орлого нэмэгдэх боломжууд бий болно.

-    - Шинэ он гараад удаагүй байна. Энэ онд ямар зорилтыг дэвшүүлсэн бэ?

-Эхнээс нь хэдийгээр цэгцэлж яваа ч гэсэн бидэнд тулгамдсан асуудлууд бий. Энэ асуудлуудыг шийдэх нь зөвхөн ЗДТГ, Хот тохижилт, СӨХ-ны ажил гэж ойлгож болохгүй л дээ. Ингэвэл хот асуудлуудаасаа хэзээ ч салж чадахгүй. Үүнтэй адилхан хотын өмнө тулгамдсан асуудлыг хэн нэгэн хувь хүн байгууллагад үүрүүлээд явбал энэ асуудал бүрэн шийдэгдэхгүй. Үүн дээрээ хамтарч байж асуудлын ард гарна. Тиймээс иргэд үүнд ухамсартай хандаж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд иргэдтэйгээ хамтарч оролцоог нь нэмэгдүүлж ажиллавал үр дүнтэй байна гэдгийг томоохон зүйлүүд дээр харууллаа. Тиймээс Хэрлэн сум 2019 оныг “Иргэдийн оролцоог сайжруулах жил” болгон зарлаж байгаа. Ингэснээр бид 5 дэд зорилтыг дэвшүүлж, иргэдийнхээ санаа оноог сонсож, хамтдаа хэрэгжүүлж ажиллана.

-    -  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн хөтөлбөрийн таван зорилтыг танилцуулаач?

1.    -Иргэдийн оролцоотой-Цэвэр цэмцгэр Чингис хот

2.    Иргэдийн оролцоотой-Эрүүл мэндийг дэмжигч Чингис хот

3.    Иргэдийн оролцоотой-Аюулгүй орчин бүрдсэн Чингис хот

4.    Иргэдийн оролцоотой-Тохилог, тохижилттой ЭКО Чингис хот

5.  Иргэдийн оролцоотой-Ил тод төрийн байгууллагатай Чингис хот гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд бид бүхэн Дэлхийн Зөн ОУБ, ГБХЗХГазар, ХХҮГ, Цагдаагийн газар, БТСГазар, ИНБайгууллагууд, ЭМГазар, “Өндөрхаан” СӨХ, “Өндөрхаан” хот тохижилтын газар зэрэг хамтын ажиллагаа бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч төлөвлөгөө боловсруулж байна. Түүгээр ч зогсохгүй бид багийн иргэдийн нийтийн хурлаараа иргэдээсээ санал аваад эхэллээ. Иргэдийн санаа бодлыг тусгасан эдгээр ажлуудаа ажил хэрэг болговол иргэд маань эргээд зөв мэдээлэлтэй болох, эерэг хандлагатай болох зэрэг өөрчлөлтүүд гарна. Түүнчлэн жижиг гэлтгүй олон асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байгаа.

-     -  Чингис хотын хэтийн зорилго юу байх вэ?

-Цаашдын он жилүүдэд Хэрлэн сум, Чингис хот нөгөө л ярьдаг хог, СӨХ-ны асуудал, нийтийн тээвэр, золбин нохойн асуудлуудыг ярьсаар байх биш илүү том зорилготой, илүү том амбицтай болох ёстой. Тэгж байж бид хөгжил дэвшлийн тухай ярина шүү дээ.

Хэрлэн сумын нийт иргэдийн гуравны хоёр хувь нь амьдардаг гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцжүүлэх талаар ярих цаг нь болсон. Ингэхийн тулд энэ онд судалгааны ажил хийгдэнэ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласны учир нь иргэн бүр зөв мэдээлэлтэй байж, идэвхи санаачлагыг нэмэгдүүлж ажилласнаар аливаа асуудлыг шуурхай, оновчтой аргаар шийдэж чаддаг болохыг зорьж байгаа юм. Иргэдийн оролцоо хотын хөгжлийн үндэс суурь нь байх болно.

Ялангуяа Чингис хот Хэрлэн сум маань түүхэн аялал жуулчлалын бүс болоод зарлагдчихсан байхад үүний хүрээнд хийх ажлууд олон байна.

-          Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.


Холбоотой мэдээ