CNN: Майк Помпео Сенатад нэрээ дэвшүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-21 11:59:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео албан тушаалаасаа огцорч, Канзас муж улсаас Конгрессын дээд танхимд нэрээ дэвшүүлэх талаар судалж байгаа тухай телевизийн CNN компани эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан ням гарагт уламжилжээ.


Тус сувгийн мэдээлснээр, Помпео “Төрийн нарийн бичгийн даргын хувиар ажилдаа төвлөрсөн байгаа. Гэхдээ тэрбээр Канзас муж улсаас Сенатад нэрээ дэвшүүлэхийг зөвлөж байгаа хүмүүсийн саналыг анхаарч сонсож байгаа аж”. Канзасаас Сенатын танхимд сонгогдсон Пэт Робертс 2020 оны сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ энэ сард өмнө нь мэдэгджээ. CNN-ийн эх сурвалжийн мэдээлж буйгаар бол Помпеог ийм алхам хийхийг Конгрессын дээд танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнел ятгаж байгаа аж. 


Бүгд Найрамдах намын тэргүүлэх зөвлөх Уорд Бейкертэй ирэх ням гарагт уулзахыг зөвшөөрсөн нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ саналд нухацтай хандаж байгааг харуулж байна гэж эх сурвалж хэлсэн байна.  


Майк Помпео 2018 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн АНУ-ын гадаад бодлогын байгууллагыг тэргүүлж байгаа юм. Тэрбээр 2011-2017 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан бөгөөд тус танхимын эрчим хүч, худалдаа болон тагнуулын гэсэн хоёр гол байнгын хорооны бүрэлдэхүүнд орж байжээ. Тэрбээр АНУ-ын Тагнуулын төв газрыг 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл удирдаж байв.

Холбоотой мэдээ