Нийслэл дэх 3000 гаруй хэсгийн ахлагч агаарын чанарыг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-01-20 16:46:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ард холдинг” группээс өчигдөр зохион байгуулсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” форумын “Утаагүй ирээдүйн сан-Смартсити” салбар хуралдаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Ч.Гантулга нар оролцож, хотоос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлллээ.

Тэд НИТХ-аас Агаар, орчны бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байгааг дуулгав. НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг бууруулах үндсэн ажил бөгөөд энд цаг хугацаа орно. Тиймээс сайжруулсан түлш иргэдэд нийлүүлж эхлээд байна.

Мөн гэр хороололд инженерийн дэд бүтэц татаж эхэллээ. Энэ ажлыг дүүрэг, хороо бүрт хэрэгжүүлнэ. Энд иргэн бүр оролцох шаардлагатай болж байгаа юм.


Өнөөдөр нийслэлийн ногоон бүс дэх амралтын газар, барилгын хашаан дахь манаачийн байр хүртэл зуух тавьж, галлаж байна.

Зуун айл дахь барилгын материалын худалдааны зах гэхэд наана нь хэдхэн барилгад хүмүүс худалдаа эрхэлж буй мэт боловч цаана нь хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ мэт үйлдвэрүүдийг хотоос гаргаж, дүүргүүдийг эдийн засгийн, худалдааны, аялал жуулчлалын гэх зэргээр ангилан хөгжүүлж, өрсөлдөх чадвартай хот байгуулахаар ажиллаж байна. Утааг бууруулахад ухаалаг төхөөрөмжийг ашиглаж, нийслэл дэх 152 хорооны 3000 гаруй хэсгийн ахлагчийг агаарын чанарын хянагчаар ажиллуулж, и-сервисээр үр дүнг хянадаг болно” гэсэн юм.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Агаар, орчны бохирдол нь сүүлийн 30 орчим жил төлөвлөлтгүй төвлөрөл бий болгосноос үүдэлтэй. Дэд бүтцээ шийдээгүй байж их нүүдэл хүлээж авсан. Тиймээс бид алдаагаа засах ёстой. Өнгөрсөн хугацаанд олон зуун тэрбум төгрөг утааг бууруулахад зарцуулсан ч үр дүнд хүрээгүйг бид бэлхнээ харж байгаа. Тиймээс эх үүсвэртэй нь тэмцэх хэрэгтэй. Бий болчихсон гэр хорооллыг нүүлгэж, айл өрхийн янданг буулгаж чадахгүй. Тиймээс бид түлэх түлшийг нь өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Энэ хүрээнд өнөө жил сайжруулсан түлш бэлтгэж, нөөцлөх ажил эхлүүлээ. Үр дүнд нь ирэх онд Улаанбаатарын утаа 50 орчим хувиар буурах тооцоо гарсан” гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ