Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганаар 14 тогтоол, Сиэм Рэпийн тунхаглалыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцлоо. Уг хуралдаан энэ сарын 14-17-нд Камбожийн Вант Улсын Сиэм Рэп хотноо болсон юм.
Энэ удаагийн чуулганы үр дүнд Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой болон хүртээмжтэй өсөлтийг хангах, чөлөөт цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих аргаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт бүс нутаг төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудлаар парламентын түвшинд хамтран ажиллах шинэ аргыг тусгасан 14 тогтоолын төсөл батлав.
Ази, номхон далайн орнуудын парламентын 27-р чуулганы хамтарсан мэдэгдэл болох Сиэм Рэпийн тунхаглалд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гарын үсэг зурав. Энэхүү хамтарсан мэдэгдэлд чуулганаар баталсан тогтоолын үзэл санаа, агуулгыг гишүүн орнууд тус бүртээ үндэсний хууль тогтоомж, хөтөлбөрүүддээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон.
Мөн Австрали улс уг чуулганы 28-р хуралдааныг зохион байгуулахыг хүссэн саналыг дэмжив.
Чуулганы төгсгөлд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Олон Улсын Парламентын Холбоотой хамтран энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах, НҮБ-ын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Ази, Номхон далайн орнууд хэрэгжүүлж буй асуудлаарх хоёрдугаар чуулганд идэвхтэй оролцохыг урихад, төлөөлөгчид дэмжиж хүлээн авав.