Нэхийгээр гэрийн бүрээс хийжээ

Фото
myagmarsuren@montsame.mn
2019-01-17 14:40:43

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт болсон “Хамтын хүч хөгжлийн гарц” нэртэй баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааны онцлох бүтээгдэхүүнээр Тосонцэнгэл сумын иргэн Д.Амаржаргалын хонины нэхийгээр хийсэн монгол гэрийн бүрээс шалгарчээ.

Олны нүдийг хужирласан энэ бүтээгдэхүүний эзэн Д.Амаржаргал, "Анх гурван жилийн өмнөөс нэхийгээр монгол гэрийн дээвэр, туурга хийж үзэх гэж төлөвлөсөн. Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн нэхийгээ элдэж дундаж гэрийн хоёр дээвэр, туурга хийлээ. Дундаж гэрийн нэг дээвэрт 100, нэг туурганд 20 ширхэг нэхий орсон. Нэхийгээ машинаар элдэхдээ нэг сарын хугацаа зарцуулсан. Ер нь өмсөж эдлэхгүй учраас айхтар нарийн элдэхгүй, шоргоолжны хүчилд нэхийгээ дэвтээж машинаар хоёр удаа элдээд гаргахад болдог. Нэхийгээр дээвэр туурга хийхээр дулаан, эсгийнээс илүү хөнгөн байдаг. Мөн хүчилд дэвтээж боловсруулсан учраас цагаан эрвээхий үүрлэдэггүй онцлогтой. Манай цех нь 2018 оны 6 дугаар сард байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллаж байна. Ажилчид маань өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай. Захиалга маш их байгаа, эрэлт хэрэгцээ ч их байна. Тиймээс элдсэн нэхий борлогдохгүй гэх зүйлгүй. Өнөөдөр хог болоод, үнэгүйдээд байгаа нэхийг бид иргэдээс 300-500 төгрөгөөр худалдан авч боловсруулж худалддаг. Мөн машины бүтээлэг, гаражын дулаалга захиалгаар хийж өгч байна. Гэрийн бүрээсийн тухайд дундаж монгол гэрийн дээвэр 400 мянган төгрөг, туурга нь 120 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хамгийн гол нь нэхийг үнэгүйдүүлж болохгүй, чанаргүй эдэлгээ даахгүй эсгийнцэр, эсгий дээвэр туургыг өндөр үнээр зардал шингээж худалдаж авч байснаас идэшний цагаар хонины нэхийгээ цуглуулаад орон нутагтаа боловсруулаад хэрэглээд хэвшиж болно гэдэг ойлголтыг л иргэдэд өгөх зорилготой анх гэрийн дээвэр туурга хийж сурталчилсан маань энэ юм. Цөөнгүй захиалагч гэрийн туурга хийлгэж авсан шүү" гэж ярилаа.

Тус үзэсгэлэн худалдаанд 24 сумын 300 гаруй эмэгтэйчүүд оролцож 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж байгаа Завхан аймаг энэхүү арга хэмжээг энэ жил дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Аймгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бие биенээсээ туршлага судлах, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, сурталчлах, аймгийн брэнд бүтээгдэхүүний тоог нэмэх зорилготой тус үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Зөвхөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаанд 140 гаруй эмэгтэйчүүдийн 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалжээ. Үзэсгэлэн худалдаанд уран хатгамал бүхий дээл малгай, гутал, нэхий, хурганы арьс, эсгийгээр хийсэн төрөл бүрийн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, модон эдлэлүүд, байгалийн зэрлэг жимс, цэцгийн хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн зэргийг дэлгэсэн байв.