20 дахь удаагийн шатдаун хэдий хүртэл үргэлжлэх вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-08 15:50:26

АНУ-д “шатдаун” /англ. government shutdown/ гэдэг үйл явц 17 хоногийн турш үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, тус улсын парламент болох Конгресс 2019 оны төсвийг батлаагүйгээс үүдэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш засгийн газрын үйл ажиллагаа түр зогсчээ.


Энэ оны төсвийг батлахад хүндрэл үүссэний учир юу вэ? Хамгийн гол шалтгааныг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, засгийн газрын яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогсчихоод байна. 


Өчигдөр буюу 7-ны өдөр Цагаан ордон ба Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн хооронд болсон хэлэлцээнд ахиц дэвшил гарна гэдэгт Д.Трамп итгэхгүй байгаагаа илэрхийлсний сацуу “хана барихад мөнгө төсөвлө” гэсэн шаардлагаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдсэн тухай VOA агентлагийн тоймд дурджээ.


“Бид хилийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй байх аваас гэмт хэрэг манай улсыг нөмрөн авна. АНУ-д хууль бусаар ирж байгаа хүмүүс манай иргэдийг алж талж байна” гэж Ерөнхийлөгч Д.Трамп байнга мэдэгдэж байгаа билээ. Тэрбээр баасан гарагт хэлэхдээ “ойрын хэд хоногт үйл  явдал хэрхэн өрнөхөөс хамааран улс  оронд онц байдал зарлана” гэсэн нь Конгресс шийдвэр гаргах эсэхээс үл шалтгаалан барилга байгууламж барих зориулалтаар цэргийнхэнд төсвөөс хуваарилсан мөнгийг хилийн хана барихад зарцуулах боломж бий гэдгийг сануулсан хэрэг байв. Харин Бүгд Найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүн Адам Шифф-ийн хэлснээр бол, энэ нь боломжгүй зүйл ажээ. “Гарри Трумэн дайны үед гангийн үйлдвэрийн салбарыг төрийн мэдэлд авч чадаагүй, харин одоогийн Ерөнхийлөгчид улс даяар онц байдал зарлаж, хилийн дагуу олон тэрбум долларын өртөгтэй хана барих эрх мэдэл байхгүй” гэдгийг тэрбээр дурдлаа. 


“Шатдаун маргааш ч зогсч магадгүй, эсвэл бүр удаан үргэлжилж ч магадгүй” гэж Трамп хэлээд, Мексиктэй залгаа хилийн дагуу хана босгохыг урьд нь дэмжиж байсан Ардчилсан намын гишүүд бодлоо өөрчилж, хана барихад мөнгө төсөвлөхийг эсэргүүцэж байгаад гайхаж байгаагаа мэдэгдэв. Ардчилсан намынхан хилийн аюулгүй байдлыг хангахад зориулан 1,3 тэрбум долларыг Д.Трампад өгөхийг зөвшөөрсөн боловч энэ мөнгөөр хилийн дагуу хана барьж болохгүй гэсэн болзол тавьжээ. Хилийн дагуух хана бол хууль бус цагаачлалыг таслан зогсоож чадахуйц үр дүнтэй арга болж чадахгүйгээс гадна ёс суртахууны үүднээс зохимжгүй алхам болно хэмээн Ардчилсан намаас Конгресст сонгогдсон гишүүд үзэж байгаа юм. Тэдний бодлоор, Мексиктэй залгаа хилийн 3200 км урт газраар хууль бусаар нэвтэрч буй цагаачдыг саатуулахын тулд орчин үеийн технологийг ашиглах нь зүйтэй аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхи болсон билээ. Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим нь төсвийг хянах үүргийг гүйцэтгэдэг. Ийм учраас Мексиктэй залгаа хил дээр хана барих гэх мэт Д.Трампын гаргасан санаачилгыг төсвөөс санхүүжүүлэх шийдвэрийг АН-ын гишүүд гацааж магадгүй гэж тоймчид таамаглаж байсан нь ортой байжээ.   


Завсрын сонгуулийн дараа Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсон Нэнси Пелоси мэдэгдэхдээ “Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр засгийн газрын үйл ажиллагааг сэргээх асуудлаар зарим ахиц дэвшил гарсан, гэхдээ Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг санхүүжүүлэх асуудлыг хөндөөгүй” гэлээ.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер мөн Трамптай уулзсан тухайгаа ярихдаа “засгийн газрын үйл ажиллагаа хэдэн сар жилээр зогсч магадгүй гэсэн ойлголтыг Ерөнхийлөгчийн зүгээс Конгрессын гишүүдэд өгсөн” гэв.

Дашрамд дурдахад, АНУ-Мексикийн хилийн шугамын урт нь 3145 км байдаг. Хар тамхины наймаатай тэмцэх зорилгоор Б.Клинтоны үед байгуулж эхэлсэн хамгаалалтын байгууламжийн урт нь 1078 км. Харин Ерөнхийлөгч Д.Трамп дахиад 1600 км зайд бетонон эсвэл ган төмрөөр хана босгохоор төлөвлөж байгаа аж.


20 дахь удаагийн шатдаун


Шатдаун гэдэг нь АНУ-ын түүхэнд тохиолдож байсан түгээмэл үзэгдэл юм. Тодруулбал, сүүлийн 40 жилийн хугацаанд Америкийн засгийн газар үйл ажиллагаагаа 20 дахь удаагаа зогсоож байна. Эл асуудал Ж.Форд, Ж.Картер, Р.Рейган, эцэг Д.Буш, Б.Клинтон, Б.Обама нарын үед ч тулгарч байв. Тухайлбал, 1980-аад оны үед Латин Америкийн Никарагуа улсад коммунистуудыг эсэргүүцэн тулалдаж байсан партизануудын бүлэглэл болох “Контрас”-ыг санхүүжүүлсэн тухай асуудал босч ирсэн, 2014 онд Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан эрүүл мэндийн салбарыг шинэчлэх Obamacare хөтөлбөр зэргээс үүдэн шатдаун болж байлаа. Хилийн ханыг санхүүжүүлэхээс үүдэлтэй энэ удаагийн шатдаун нь Д.Трампын засаг захиргааны хувьд хоёрдахь удаагийнх юм. Өмнө нь 800 мянган цагаачид оршин суух эрх олгох талаар Обамагийн гаргасан санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоогчид санал зөрөлдсөний улмаас 2018 оны 1 дүгээр сард засгийн газрын үйл ажиллагаа 2 хоног зогсч байв.


Шатдаун болох үед АНУ-ын төрийн байгууллагуудын зарим нь үйл ажиллагаагаа түр зогсоож, төсвийнхөн цалингүй амралт авах буюу эсвэл цалингүй ажилладаг байна. Шатдаун болох нь эмх замбараагүй байдал үүснэ гэсэн үг биш бөгөөд улс орны аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий зэвсэгт хүчин, цаг уурын алба, иргэний агаарын тээврийн компаниуд, хорих ангиудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. New York Times сонинд бичсэнээр, холбооны засгийн газрын албан хаагч нийт 2,1 сая хүний 380 мянга гаруй нь амралтын мөнгөө авалгүйгээр амрах бол 420 мянга гаруй нь цалингүй ажиллахаас өөр аргагүйд хүрч байна. Төрийн Департамент, Дотоод хэргийн яам, Хуульзүйн яам болон НАСА үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоожээ. Улсын мэдэлд байдаг музейнүүд болон Вашингтоны амьтны хүрээлэн хаалгаа барьж, Эрх чөлөөний цамхагт жуулчдыг оруулахгүй байгаа аж.


Шатдаун цаашид удаан үргэлжлэх нь ард иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн ашиг орлогод нөлөөлж мэдэхээр байна. Учир нь, шатдауны үед ипотекийн зээл олголт зогсоно. Тухайн иргэн төлбөрийн чадвартай болохыг тодорхойлсон бичиг олгодог татварын алба шатдауны улмаас ажиллахгүй байгаа учраас иргэд ипотекийн зээл авахаар өргөдлөө гаргах боломжгүй болжээ. Энэ нь орон сууцны борлуулалт буурахад хүргэнэ.


Шатдауны улмаас засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар зогсоох нь 2 долоо хоног тутамд АНУ-ын эдийн засгийг 0,1 хувиар агшаана гэж Блүүмбэрг суваг Цагаан ордны эдийн засгийн ахлах зөвлөх Кевин Хассетт-ын ярьснаас иш татан мэдээлжээ.


Шатдаун болж байгаа нөхцөлд засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим хоёр хуулийн төслийг баталчихаад байгааг СNN-ийн мэдээнд дурдсан. Тодруулбал, Дотоод хэргийн яамыг 2019 оны 2 дугаар сарын 18 хүртэл, бусад яамдыг 9 дүгээр сарын 30 хүртэл түр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч Трампын хүссэн 5 тэрбум гаруй долларыг дээрх хуулинд тусгаагүй учраас Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавих магадлал өндөр байна.


Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ