"Түйн голын жавар" наадмаар мөсөн урлалын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-10 14:17:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Түйн голын жавар-2019" өвлийн наадам Баянхонгор хотноо энэ сарын 19-нд болохоор төлөвлөгджээ.

Эрт үеэс өвлийн улиралд Монголчуудын дунд уламжлагдан ирсэн баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тус наадмыг уламжлал болгон тэмдэглэж буй. Наадмын хүрээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ эрүүл агаарт зөв боловсон амрах дадал, зуршлыг төлөвшүүлэх зорилготой болохыг зохион байгуулагчид хэлж байна.

Мөн үеэр монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн цайны амт, тэшүүрийн уралдаан, мөсөөр урласан бүтээл шалгаруулах уралдаанууд болох бөгөөд оролцох баг, болон байгууллагууд үндэсний онцлогийг илэрхийлсэн монгол хувцастай байх аж. Наадамд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, компани, сум, багийн иргэд, зочлох үйлчилгээний салбар, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид, хил зэргэлдээ аймаг, сумд оролцох юм байна. Мөн энэ удаагийн наадмын ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон Хаан банк ажиллах аж.

Дашрамд дуулгахад, Баяр наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болох юм байна. 

Холбоотой мэдээ