БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Кан Муктай өнөөдөр албан уулзалт хийж, нийслэлийн иргэдийг
БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Консул Кил Кан Мук уулзалтын үеэр “Бид нийслэл
Улаанбаатар хотын иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар
албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн
гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн ААН-үүд хууль
бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг зүйл гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг
даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах,
хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн онцолж
байв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Солонгос улсад
иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг
хуулийн дагуу болгохын тулд бидний зүгээс анхааран ажиллах болно” гэдгээ
мэдэгдлээ.