Хоёр багш ажиллавал хүүхэд нэг бүрт хүрч ажиллах хичээлийн хоцрогдол буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-03 16:40:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.

Энэ хуулийн дагуу ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Одоогоор туслах багш ажиллуулж эхэлсэн сургууль байхгүй байгаа юм.

Улсын хэмжээнд төрийн өмчийн нийт сургуульд нэг, хоёрдугаар ангийн 4440 гаруй бүлэг байна. Үүний 14 хувь нь 44-өөс дээш хүүхэдтэй.   Тэгвэл шийдвэр гаргагчдын хувьд 44-өөс цөөн хүүхэдтэй бүлэг шинээр үүсгэх боломжгүй хэмээн туслах багштай болгох хуулийн зохицуулалт хийгээд байгаа юм. Хоёр багш ажиллавал хүүхэд нэг бүрт хүрч ажиллах хичээлийн хоцрогдол буурна гэдгийг багш нар хэлж байна. 


Тус хуулийн багш бэлтгэх болон хөгжүүлэх чиглэлийн заалтуудаас онцлон хүргэе.

Багшийг бэлтгэх чиглэлээр

Орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх гэрээг сургууль болон суралцагчтай байгуулж тэтгэлэг олгож болно.

Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд багшийн мэргэжлийг хамруулна.

Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.

Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна /Багшлах эрхийн шалгалт өгөх шаардлагагүй/.


Багшийг хөгжүүлэх чиглэлээр

Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна хэмээн хуульд заажээ. Тус төвийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна.

Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байх бөгөөд хөтөлбөрийг Засгийн газар батална.

Хуулийн бүрэн эхтэй ЭНД ДАРЖ танилцана уу. 

Холбоотой мэдээ