Эр зориг гаргасан авто клубын залуусыг урамшууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр Зам, тээврийн сайд М.Зоригт, байгалийн онц үзэгдэл болох цасан шуурганы аюулаас иргэдийг аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг тус яамны байранд хүлээн авч, талархал илэрхийлж урамшууллаа.
Эр зориг гаргасан энэ залуусаас “Монголын Land Cruiser” ТББ-ын дэд тэргүүн Б.Наранбаатар, ”Монголын Land Cruiser 70 series” клубын тэргүүн Д.Галбадрах,” Монголын Мицубиши Пажеро” клубын тэргүүн Г.Баттулга нарыг Засгийн газрын шагнал “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнаж урамшуулав. Мөн Зам тээврийн яамны хүндэт жуух бичгээр ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, ахмад Г.Цэнгэлхүү, “Benz G” клубын тэргүүн Б.Эрдэнэжаргал, “Mongolian Pajero ”клубын тэргүүн Б.Алтансүх нарыг тус тус шагнав. Тус шагналыг Зам тээврийн яамны сайд М.Зоригт, Цагдаагийн газрын хүндэт хурандаа Ч.Зоригтбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар гардуулав.
Энэ үеэр Зам тээврийн яамны сайд М.Зоригт “Бид цахим мэдээллийн нэг орон зайд амьдарч буй учраас сайд, энгийн ард ялгалгүй эв нэгдэлтэй байх ёстой. Харин эдгээр клубын залуус эв нэгдэлтэй байж чадлаа. Цаашид ч бид хамтарч ажиллахад бэлэн байна. Хариу нэхээгүй энэ мэт үлгэр жишээ болсон хүмүүнлэг үйлс цаашид улам өргөжих болтугай” хэмээн онцоллоо.
Байгалийн онц ноцтой үзэгдэл тохиолдсон үеэр ОБЕГ-тай хамтарч ажиллах санамж бичигт нийтдээ 9 авто клуб гарын үсэг зурсан юм. Тухайлбал, “Монголын Land Cruiser клубын хамт олон”, “Монголын Toyota Hilux, 4Runner Tacoma 3”,” Монголын Land Cruiser 70”, “Монголын Nissan Patrol Y60”, “Монголын Pajero”, ”Монголын Delica”, “LH470- Mongolia”, “Монголын ZUW30”,” Монголын бартаад авто замын холбоо”- ны хамт олон нэгдсэн.
“Mongolian Pajero” клубын үүсгэн байгуулагч Н.Болор “Бид ОБЕГ-ын Г.Цэнгэлхүүтэй өглөөний 10 цагт холбогдож, 12 цагт Айдсын даваа, Морингийн даваа, Найрамдлын Тахилтын хэсэг, Хүй долоон худаг зэрэг газарт цасанд хаагдсан замаар шөнийн 12 цаг 30 минут хүртэл ажиллахдаа нийт 30 машинтай 85 хүнийг цасан шуурганы аюулаас аварч чадсан.
Э.Бат-Уянга