Өсвөрийн бадминточид Японыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-10 13:32:48

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ нь Японы үндэсний олимпийн хороо/ЯҮОХ/-той хамтран ажиллах санамж бичгийг 2015 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан гэрээний дагуу “Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд бадминтоны өсвөрийн тамирчдыг Япон улсад сургахаар болжээ.

Өнөөдөр энэ талаар МҮОХ-ны байранд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. МҮОХ болон Монголын бадминтоны холбоо/МБаХ/-ноос өсвөрийн 3 тамирчинг Япон улсын Фукуока аймгийн Фукуока хотноо ахлах, дунд сургуульд нэг жилийн хугацаатай суралцуулахын зэрэгцээ бадминтоны спортоор дагнан хичээллүүлэх юм.

Үүний гол зорилго "Токио-2020" олимпийн наадамд оролцох тамирчинг төрүүлэхэд оршиж байгаа бөгөөд МБаХ-ноос Орхон аймгийн тамирчин Б.Төгөлдөр, Дорнод аймгийн тамирчин Э.Гүнзориг /хоёул 17 настай/, Дархан-Уул аймгийн тамирчин 13 настай Э.Сумъяасүрэн нарыг сонгон шалгаруулж Японд сургах шийдвэрийг гаргажээ. Тэд энэ сарын 13-нд Япон улсыг зорих юм.

Энэхүү /Токио-2020/ хөтөлбөрийн хүрээнд Япон улсын иргэн Ишигүро Нобүхиса багш энэ өсвөрийн тамирчдыг Японд амьдрах хугацаанд хариуцан авч дасгалжуулах юм. Тэрбээр манай улсад анх Жайкагийн шугамаар ирж 2003-2006 онд бадминтоны дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ