Орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-28 19:57:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас зохион байгуулж буй “Шинэ жил-2018” арга хэмжээний хүрээнд замын цагдаа нар орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийж байна.

Баярын өдрүүд болон сурагчдын амралт эхэлж нийслэлээс орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан ТЦА-наас авто замын хяналтыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих дээрх ажлыг улсын хэмжээнд өрнүүллээ. Замын цагдаагийн алба хаагчид улсын болон орон нутгийн чанартай авто замуудад өдөр, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулах юм.

Иймд зөвхөн “цагдаад баригдахгүй байх” гэх бодлоос илүүтэйгээр өөрийн болон гэр бүл, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй тээвэрлэх зэргээр Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас зөвлөж байна. 

Холбоотой мэдээ