Хэнтий аймгийн нийтийн номын сан салбартаа шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-20 17:42:42

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Номын сангийн салбарын 2018 оны “Онцлох соёл олон нийтийн ажил”-аар Хэнтий аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулсан ажлууд шалгарчээ.

Тодруулбал, энэ жил “Гэр бүлийн уншлага”, “Зөөврийн уншлага”, “Өглөөний уншлага”, “Өглөөний хүн”, “Яруу найргийн уншлага” зэрэг цоо шинэ арга хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

            Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ном уншицгаая” хөдөлгөөн тусгагдсан байдаг бөгөөд аймгийн ИТХ-аас Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгох зорилтыг дэвшүүлсэн нь ихээхэн түлхэц болжээ.

Мөн уламжлал болон явагддаг “Үлгэрийн баатрууд амилсан нь-2018” жүжигчилсэн тоглолтод оролцогсдын хүрээ тэлэгдэж, энэ жил 18 сумаас 18 цэцэрлэгийн 23 нэр төрлийн бүтээл оролцжээ. Тус уралдааныг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хэмнэлттэйгээр онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулж, оролцогсдын бүтээлийг CD болгон номын санд архивласан нь шинэ ололт байв.

Эдгээр ажлын амжилтаараа Ж.Тогтох даргатай Р.Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын сангийн хамт олон “Онцлог” цом, Монголын Үндэсний номын сангийн нэрэмжит шагналаар шагнуулжээ.

 

Холбоотой мэдээ