Сангийн сайд Б.Болор Канад улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-03-09 15:03:35

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор энэ сарын 6-10-ны өдөр Канад Улсад ажлын айлчлал хийж, Торонто хотноо болж буй Канадын уул уурхайн хайгуулагч олборлогчдын PDAC-2016 олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байна. 

Айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Болор Канад Улсын Парламентын гишүүн, Олон улсын худалдааны сайд хатагтай Кристи Фрийландтай 2016 оны 3 дугаар сарын 7-ний өдөр Торонто хотноо уулзаж хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцож, Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тууштай бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Канадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээгдэж буй аливаа асуудлыг нааштай шийдвэрлэхэд идэвхи, чармайлт гарган ажиллаж буйг тэмдэглэв.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, олон тулгуурт эдийн засгийн бодлого хөгжүүл ж буй энэ үед барууны өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Канадад сургах Монгол оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх асуудлаар талууд идэвхтэй хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын ирээдүйд эцэслэн байгуулахаар тохиролцов.

Өнгөрсөн оны 10 дугаар сард явагдсан Канадын парламентийн сонгуульд Канадын Либерал нам ялалт байгуулж үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн бөгөөд Монгол Улс Канадын одоогийн эрх баригчидтай парламент, Засгийн газрын гишүүний түвшинд албан ёсоор уулзаж хэлэлцсэн анхны уулзалт боллоо.

 

Холбоотой мэдээ