Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслүүдийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 12:35:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой дөрвөн тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Тѳрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ыг өнгөрсөн онд баталсан. Энэ хуулиар төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд шатлан дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд ирэх онд хэрэгжиж эхлэх юм. Уг хуулийг хэрэгжүүлэх үүднээс Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” болон “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг боловсруулсан юм. Дээрх тогтоолын төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 05-нд болсон хуралдаанаараа нарийвчлан хэлэлцсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн дурьдлаа.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зөв хэмээн үзлээ.

Холбоотой мэдээ