Орхон аймаг энэ онд боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 13:49:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэж баталсанаас “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 93.3 хувьтай” хэмээн дүгнэлээ.

Орхон аймаг 2018 онд нийт 170 ажил хийхээр төлөвлөснөөс 139 арга хэмжээ нь 100 хувь,  24  нь 70 хувь,   долоо нь 40 хувийн гүйцэтгэлтэй буюу үүнийг 2017 оныхтой харьцуулахад,  3.7 пунктээр өссөн байна.

Энэ онд Орхон аймагт  “Эрдэнэ” багийн 20 болон 4, 8 дугаар  сургуулийн гадна биеийн тамирын талбай,  Оюут, Зэст, Бүрэнбүст багт  хүүхдийн тоглоомын талбай,  гэр хорооллын Дэнж, Наран, Булаг, Шанд, Уртын гол багуудын гудамж хооронд шинээр амралт, чөлөөт цагийн талбай буюу нийт 11 байршилд чөлөөт цагийн 19 талбай байгуулжээ.

Мөн 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн спорт заалны барилга, Уурхайчин багийн 1 дүгээр сургуулийн 928 суудалтай сургууль, Булаг багийн 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлуудыг  шинээр эхлүүлж, Цагаанчулуут багт 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн  Бүрэнбүст, Согоот  багт үерийн ус зайлуулах бетон суваг,  Наран  Рашаант багт  800 м, Шанд  багт 700 метр үерийн далан суваг барих, Булаг, Даваат, Рашаант багийн гэр хорооллын усан хангамжийг сайжруулах ажлууд бүрэн хийгдсэн байна. "Явган зам" дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 1809.8 м.кв явган зам, 425 м урт эрүүл мэндийн зам барьсан зэрэг онцлох ажлуудыг ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцууллаа.

Холбоотой мэдээ