Завханы 23 суманд зургаан настай хүүхдүүдэд зориулан "Гэр өргөө" байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-10 11:24:30

Завхан/МОНЦАМЭ/.Завханы 23 суманд “Гэр өргөө нээж малчдын зургаан настай хүүхдүүд сурч хүмүүжиж байна. Хөдөөгийн 23 сумын “Гэр өргөө”-г тохижуулахад энэ жил аймгийн Засаг дарга 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Түүнчлэн Сум хөгжүүлэх сан, сургуулиуд, сумын нутгийн зөвлөл, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл зэрэгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдэж тохижуулаад байгаа юм байна. “Гэр өргөө”-г ихэнх сум сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол дотуур байрын хүрэлцээ муутай сургуулиуд тусдаа гэр барьж байгаа ажээ. Энэхүү өргөөнд асрагч болон багш нар ажиллаж зургаан настай хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тоглонгоо сурч хөгжих сургалтыг өгч байна. Мөн хүүхдүүдийн ээжүүд ээлжээр “Гэр өргөө”-нд ажиллах, ахлах ангийн охидууд сайн дураараа дүү нартаа тусалдаг ажээ. Зарим хүүхдүүд амралтын өдрүүдээрээ хөдөө гэртээ харьдаггүй бөгөөд найзуудтайгаа гэр өргөөндөө тоглож, хичээлээ давтах дуртай болсон гэдгийг гэр өргөөний багш нар онцолж байсан. Энэхүү ажил нь “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажил юм. Малчдад тулгамдаж буй нэг чухал асуудал бол зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадах, өрхүүд хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог. Ингэснээр мал аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдийн тоо буурах, өрхийн зарлага нэмэгдэх, гэр бүлд үл ойлголцол үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байгаа. Иймд малчид хүүхэддээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа амжилттай ажиллах. Хүүхдийг багаас нь нийгэмшүүлэх, өөрийн гэртээ байгаа мэт тохилог, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилготой энэ ажил үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар сумдын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 100 гаруй хүүхэд амьдарч байна. Цаашид хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Холбоотой мэдээ