“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл эхний шатны ажлаа дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-04 13:37:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ус, эрчим хүчээ хэмнэж, хогоо ангилан хаяж буй өнөөдрийн таны хийж буй “сонголт” маргаашийн бидний ирээдүйд үлдээж буй өв юм шүү” хэмээн Сэлэнгэ аймгийн сурагч Б.Энхжингийн хэлсэн үг манай улсад хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн үйл ажиллагааг бүрнээ илтгэж байна.

Дээрх үгийг тэрээр “Тогтвортой хөгжлийн боловсрол 2015-2018” төслийн 1 дүгээр шатны ололт амжилт, үр дүнг олон нийтэд танилцуулах арга хэмжээний үеэр хэлсэн юм. Хүүхэд залуучуудыг хүрээлэн буй орчин, нийгэмдээ хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран ажиллаж, аж төрж суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлыг хамтдаа шийдэхэд сургах зорилготой  “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийг БСШУСЯ, БОАЖЯ санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүүжилтээр хэрэгжүүлээд байгаа юм. 2015 оноос эхлэн хэрэгжсэн төслийн хэрэгжүүлэгчээр Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Шведийн Усалагийн их сургууль, Швейцарийн IZB хамтарсан консорциум хамтран ажилласан байна.


Төслийн эхний үе шатны үр дүнг танилцуулах тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн удирдах хорооны дарга Ц.Цэнгэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал, төслийн удирдах хорооны гишүүн Илария Дали, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан болон төсөл хэрэгжсэн аймаг орон нутгийн удирдлагууд, цэцэрлэг сургуулийн төлөөлөл сурагч, оюутнууд оролцсон юм. Энэ үеэр орон нутгуудад хийсэн төслийн ажлын үйл явцыг харуулсан бичлэг, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн онцлох үр дүн, “Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн чиглэлээр БОАЖЯ-тай хамтран хийсэн ажлууд, гарсан үр дүн, мөн БСШУСЯ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлсэн үйл ажиллагааны явц үр дүнг танилцуулснаас хүргэж байна.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлэхдээ, “Энэ төслийг БСШУЯ, БОАЖЯ  тус бүр ээлж дараалан удирдлагаар хангаж ажиллаж ирсэн. Төсөл хэрэгжсэн 6 аймгийн бүх сумдад Ногоон эко хөгжлийн сургууль, суурь боловсролыг бий болгоход анхаарч, 3000 багш сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэснээр төслийн гол бааз  суурь бий боллоо. Бэлтгэсэн багш нар цаашаа хичээлээ заагаад явна. Ногоон сургууль, “Ногоон эдийн засаг зэрэг олон чиглэлээр багш сурагчдыг мэдлэг, мэдээллээр хангаж, эрчим хүчний алдагдал хаанаас гардаг, халаалтыг хаанаас хангах ёстой гэх мэт, хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хийх энгийн аргуудыг сургалаа. БОАЖЯ-ны стандартыг төслийн хүрээнд бий болгосон. Эрчим хүчийг яаж хэмнэх, хог хаягдал дээр хэрхэн ажиллах, усыг зөв ашиглах зэрэг зэргээр төслийн хүрээнд олон ажил хийсэн нь үр дүнг үзүүллээ. Монгол орныг хамарсан энэхүү төсөлд сургуулийн хүүхдүүд их оролцож, “Эко сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд болоход нийслэл хотоос аваад орон нутгийхан өрсөлдлөө. Бүх сургууль цаашдаа ногоон стандарттай болмоор байна. Тухайлбал, өөрсдийн ногооны талбайтай болж, үдийн цайныхаа хэрэглээг хангаж, хүсний ногоогоо хэрэглэдэг болчихвол Монгол Улсын бүх сургууль ийм стандартыг хэрэгжүүлнэ. Хотын сургууль өөр газар ногоогоо тариалаад байж болно” гэсэн юм.


Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал, “Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн удирдах хорооны гишүүн Илария Дали хэлэхдээ,Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ стратеги төлөвлөгөө, Үндэсний хөтөлбөр гаргалаа Тэр нь Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг үйл ажиллагааг сургуулийн нөхцөл байдалд ялангуяа бага сургуулиас дээд сургууль гээд бүхий л түвшинд хэрхэн оновчтой төлөвлөж  хэрэгжүүлэх гэдэгт анхаарсан. Боловсролын  салбарт “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын анги танхимуудыг бий болгож, боловсролын “Цөм” хөтөлбөрийн шинэчлэлийг бий болгосон. Энэ нь эргээд сурагчдад үр ашгаа өгч “Эко” сургуулиудыг дэмжиж өгсөн. Хүүхдүүд академик мэдлэгээс гадна практик талын мэдлэг олж авч байна. Зарим сургууль гаднаа ногоон орчинг бий болгож, хүлэмж барьж, хүүхдүүдийг сургаж байна. Мөн хог хаягдлыг ангилж ялгаж, эрчим хүчийг хэмнэх аргад сургаж байна. Хөтөлбөр цаашид илүү их үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.


Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон, “Бид өнөөдөр хамтдаа энэ арга хэмжээг зохион байгуулж төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад цаашдаа илүү олон хүнд хүргэх тал дээр хүчин чармайлтаа зогсоох ёсгүй юм байна гэсэн бодол төрсөн. 2015 онд НҮБ-аас 2030 он хүртэл дэлхий даяар хэрэгжүүлэхээр тохиролцоод үйл ажиллагаа явуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангахын тулд Тогтвортой хөгжлийн боловсролд анхаарлаа хандуулах шаардлага үүссэн. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хүргэж, хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бий болгох гээд олон чиглэлээр анхаарч ажилласан байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид боловсролын болон байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Тогтвортой хөгжлийн үзэл санааг улс орны, салбарын, байгууллагын бодлогуудад хэрхэн оновчтой тусгах гэдэгт анхаарлаа хандууллаа. Ялангуяа боловсролын салбарт багш нарыг давтан сургаж бэлтгэх, сурах бичиг боловсруулах зэрэгт хэрхэн байгаль орчинд ээлтэй, “Ногоон хөгжил болон үзэл санааг шингээх гэдэгт анхаарсан” гэдгийг онцолж байв.




Тодруулга: 2002 онд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Иоханнесбург хотноо даян дэлхийн тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, энэ үеэр эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах харилцан уялдаа бүхий, бие биеэ тэтгэх Тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх хамтын үүрэг хариуцлагыг тунхаглаж, “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын олон улсын 10 жилийг зарлахыг уриалан “Иоханнесбургийн тунхаглал” гэсэн баримт бичгийг баталсан билээ.

Б.Болд

Холбоотой мэдээ