Монгол, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэрэгтэйг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мүн Жэ Инь ерөнхийлөгч байх үеийн БНСУ-ын Засгийн газар 2017 онд Умард Солонгосын цөмийн аюултай байдлын эрсдэлтэй нөхцөлд байгуулагдаж байсан ч 2018 оны Пёнчаны өвлийн олимп БНСУ, БНАСАУ-ын харилцаанд нааштай өөрчлөлтийг авчирсан юм.
Энэ талаар өнөөдөр ГХЯ-нд болсон “Солонгосын хойг дахь энхийн үйл явц, хэтийн төлөв болон Монгол-БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулах боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг дээр БНСУ-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, профессор И Сан Сүг онцлоод, “Пёнчаны өвлийн олимп нь Солонгосын хойгт энх тайвны үйл явцын хаврын урийг дагуулж ирсэн “”булган сүүлтэй” юм” гэдгийг тэмдэглэж байв.
Тэгвэл хэлэлцүүлэгт
оролцсон Солонгос судлаач, доктор Б.Лхагва Монгол Улс, БНСУ-ын харилцааны
талаар хөндөхдөө, манай хоёр орны өнөөгийн иж бүрэн түншлэлийн харилцааг
стратегийн түншлэлийн түвшин рүү шат ахиулан хөгжүүлэх боломжтой” гэсэн саналыг
хоёр орны зүгээс бусад улс орнуудтай байгуулсан түншлэлийн харилцаатай
харьцуулан нэлээд олон хүчин зүйлийг харгалзан дэвшүүлсэн нь ихээхэн пракматик
шинжтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, бас алсыг харсан чухал санал байлаа гэж
дүгнэж буйгаа оролцогсод хэлж байв.
Монгол Улс, БНСУ-ын хоорондын харилцааг шат ахиулахын тулд юуны өмнө Чөлөөт худалдааны гэрээ (FTA) эсвэл Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах учиртайг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэж байв. Ингэхийн тулд гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хоёр орны гадаад харилцааны төрийн төв байгууллагуудын хооронд Зөвшилцлийн тогтмол механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгааг доктор Б.Лхагва хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлж байв.
ШУА-ийн Олон улсын
харилцааны судалгааны хүрээлэн, БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний
аюулгүй байдлын хүрээлэн, Геополитикийн хүрээлэн зэрэг судалгааны
байгууллагууд, Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан
өнөөдрийн хэлэлцүүлэгт БНСУ-ын Дипломат бодлогын түүхийн төвийн эрдэмтэн
судлаачид, манай улсын талаас Хүмүүнлэгийн Улсын их сургууль, Нийгэм судлалын
сургууль, ШУТИС, Улаанбаатарын Олон улсын их сургуулийн эрдэмтэд судлаачид мөн оролцлоо.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ