Хятадын оргодол авлигачийг ЕХ анх удаа эх оронд нь шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-30 17:34:16

БЭЭЖИН. /RIA Novosti/. Авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа оргодол түшмэлийг Болгар улс эх оронд нь шилжүүлэн өгсөн тухай Хятадын Төрийн хянан шалгах хорооны мэдээлэлд дурджээ.


Энэ нь авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа төрийн албан хаагчийг Европын Холбооны гишүүн орнуудаас Хятадын талд шилжүүлэн өгсөн анхны тохиолдол юм.


1956 онд төрсөн Яо Зиньйи гэгч нь Жэзян мужийн хошууны түвшний албан хаагч бөгөөд 2005 оны 12 дугаар сард албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэрэгт сэжиглэгдсэнийхээ дараа хилийн чанадад зугтан гарчээ.


2018 оны 10 дугаар сард Интерпол Хятадын эрх баригчдын хүсэлтээр түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Болгарын цагдаа нар Интерполын шаардлагын дагуу Хятадын түшмэлийг мөн сардаа баривчилжээ. Болгарын нийслэл Софи хотын шүүх сэжигтнийг Хятадын талд шилжүүлэн өгөх шийдвэрийг 11 дүгээр сарын 26-нд гаргасан байна.


Хятадын дарга Си Жиньпин төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай тэмцэх өргөн хүрээтэй кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэ үеэс хойш намын сахилга батыг зөрчсөн болон авлигын хэргээр хэдэн мянган түшмэл шийтгүүлжээ. Одоо Хятадын эрх баригчид эх орноосоо зугтан гарсан төрийн түшээдийг шилжүүлэн авах хэлэлцээнүүдийг гадаадын орнуудтай идэвхтэй хийж байгаа аж.


Холбоотой мэдээ