УИХ-ын дарга М.Энхболд хуулийн байгууллагад ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-29 17:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр мэдээлэл хийх үедээ “УИХ-ын дарга М.Энхболд гэр бүлийн гишүүдийг нь баривчилна хэмээн УИХ-ын гишүүдийг дарамталж байна. Засгийн газрыг огцруулахгүй гэсэн кноп дарвал гэмт хэрэгт гүтгэнэ хэмээн сүрдүүлсэн” гэжээ.Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлснийг Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд танилцууллаа.

Уг албан бичигт "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гэж байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.



Мөн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, “УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэх үед С.Бямбацогт гишүүний хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар түр завсарласан. Дэд хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.

-УИХ-ын дарга албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байна?

-УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй.

-УИХ-ын дарга чуулгандаа орж ирэх үү?

-УИХ-ын дарга Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажилладаг. Одоо тус дэд хорооны ирц бүрдэж, хуралдахыг хүлээж байна.

Холбоотой мэдээ