Монгол Төв Азид ясны чөмөг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн анхны орон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-17 11:20:28

Улсын нэгдсэн төв эмнэлэг /УНТЭ/-ийн 90 жилийн ойн хүрээнд "Эрхтэн шилжүүлэн суулгах" олон улсын хурал лхагва гарагт тус эмнэлэгт боллоо.

Тус салбарт цаашид өндөр технологийг хөгжүүлэхийн тулд энэ удаа зохион байгуулсан  "Эрхтэн шилжүүлэн суулгах" олон улсын хурал ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улс нь Төв Азид элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн цорын ганц орон гэдгийг энэхүү хурлын эхэнд онцолж байв.

Манай улсад 1996 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийж, 2006 онд УНТЭ-ийн даргын тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг зохион байгуулсан юм. Тус баг өнөөг хүртэл 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэжээ. 2010 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар элэг шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдаж БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран 16 том хүн, хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Мөн 2015 онд бие даан хоёр хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь орноор дэлхийд бүртгэгдэж чадсан нь том амжилт гэж болно.

2010 оноос цус болон ясны чөмөг суулгах эмчилгээг хийхээр санаачилж 2013 онд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгаж, одоогийн байдлаар хоёр тохиолдолд ясны чөмөг шилжүүлэн суулгаад байгаа.

Анагаах ухааны орчин үеийн ололтын оргил нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэж үздэг. Монгол Улсын 90 жилийн түүхтэй УНТЭ энэ өндөр оргилд өөд тасралтгүй тэмүүлж тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг дээр дурдсан амжилтууд батлан харуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд