ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэх гарц, шийдлийг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-22 14:04:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар хамтран маргааш буюу энэ сарын 23-нд Төрийн ордонд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдээллээ.

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 21-нд УИХ-ын гишүүд хамтран ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Дээрх тогтоолд гарын үсэг зурсан гишүүд хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулна хэмээн  Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ.

Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн.Уг зорилтын томоохон хэсэг болсон ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг А.Ундраа гишүүн онцлов. Мөн маргааш болох хэлэлцүүлгээр ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, шийдлийг тодорхойлно хэмээв. 

Мөн Архангай аймгийн Жижиг, дунд үйлдвэлэл, бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан, “Манай аймгаас жижиг, дунд үйлдвэрийн 45 төсөл хэрэгжүүлэхэд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бол 300 гаруй хүний ажлын байртай болж, улсад жил бүр 50 сая төгрөгийн татвар төлөх боломжтой байсан. Гэвч энэхүү боломжоо төрийн өндөр албан тушаалтнуудад алдсандаа харамсаж байна” гэв.

Холбоотой мэдээ