Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэсэн юм. Гэвч уг хоригийг УИХ-ын чуулганд танилцуулах байсан ЕТГ-ын дарга З.Энхболд хуралдаанд ирсэнгүй. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг чуулганд танилцуулаагүй тул хэлэлцэхгүйгээр буцаах нь зөв гэсэн санал хэлэлв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нар Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгааг шүүмжлэв. ТүүнчлэнЗасгийн газарт хариуцлага тооцох асуудал хөндсөний дараа энэ мэт үйлдэл хийж байгаа нь иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн хийх үйлдэл биш хэмээв.
Харин энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН
болон АН-ын бүлэг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Тиймээс Монгол Улсын 2018
оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг ажлын 5 хоногийн
завсарлага авч буйгаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгийн хоригийг УИХ тодорхой хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх хуулийн заалттай.
Тиймээс АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгч буйгаа УИХ-ын дарга танилцуулснаар
үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.