ШУӨЗО-той хиллэсэн боомтуудаар 100 мянга орчим зорчигч нэвтэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны ээлжит уулзалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгууллаа.
Тус уулзалтад Монголын талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан тэргүүтэй албаныхан, БНХАУ-ын талаас ШУӨЗО-ны Зам,харилцаа, тээврийн танхимын дэд дарга, автотээврийн удирдах газрын намын хорооны дарга Лью Пин тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2018 онд Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэсэн авто замын хилийн боомтуудаар 11 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 52,496 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 1120 суудлын автомашинаар 93,236 зорчигч бөгөөд 50,166 ачааны автомашинаар 1,098,922.7 тн ачаа, хилээр нэвтэрсэн мэдээлэл бий.
Талууд Булган-Такашикен боомтоор тээвэрлэлт, хил, нэвтрэлтийн асуудал, хил гаалийн асуудлаас гадна Ховд аймгийн Булган сумаас Булган-Такашикен боомтоор ШУӨЗО-ны Такашикен тосгон хүртэлх улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тус уулзалтаар хэлэлцэн баталгаажуулж протокол үйлдэж гарын үсэг зурлаа.