Мисс Э.Энхриймаа БНХАУ-ын Санья хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-13 10:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс- 2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Э.Энхриймаа өчигдөр Хятадын Санья хотыг зорилоо.


Тэрбээр энэ талаар фэйсбүүк хуудастаа, “Miss world 2018 буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Хятадын Санья хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлаад байна. Энэхүү зурган дээр байгаа хөөрхөн охин бол манай өрөөний хамтрагч Латви улсын мисс Daniela. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна” хэмээжээ.

Тэрбээр дэлхийн гоо сайхны дэвжээнд 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг нэрлэдэг энэхүү тэмцээнийг 1951 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд нэгэн зэрэг 2 тэрбум хүн хүлээн авч үздэг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Монгол Улс тус тэмцээнд 2005 оноос тасралтгүй 14 дэх жилдээ гоо бүсгүйчүүдээ сойж байна. Энэхүү дэлхийн гэсэн тодотголтой тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа ялгардаг. Мөн авьяас, спорт, хүмүүнлэгийн ажлаас аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг байна. Мисс Э.Энхриймаа тус тэмцээнд “Сайн ээж-сайхан дэлхий” уриалгыг дэлхий нийтэд хүргэж, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж эерэг хандлага төлөвшлүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлэхийг зорьж байгаа юм.

Тэрбээр 21 настай, Эрдэнэт хотын уугуул, Орос 14 дүгээр сургуулийг дүүргэсэн, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн IV курсын оюутан, орос, англи хэлтэй. 

Холбоотой мэдээ