Эко сургуулиудын тоо 40-өөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-10 16:02:11


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль, орчинд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Байгаль орны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 286 сургууль, 4 цэцэрлэг бүртгэлтэй байна.

Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн цар хүрээний дагуу манай улс “Тогтвортой хөгжлийн боловсрол” Үндэсний хөтөлбөрт эко сургуулиудын тоог нэмэгдүүлж, 2022 он гэхэд нийт сургуулиудын 50 хувийг хамруулахаар тусгаад байгаа талаар энэ сарын7-8-нд болсон Эко сургуулиудын үндэсний IY чуулган дээр тодотгож байлаа. Байгаль орны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн хөтөлбөрийн нэг бөгөөд НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр (UNEP)-өөс “Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд хамгийн үр дүнтэй, дэлхий нийтийн загвар хөтөлбөр” хэмээн онцолж, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.


“Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг, дэлхийн 67 улсын 51 гаруй мянган сургуульд хэрэгжиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх” мөн “Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14000 багц стандартыг ААН, байгууллагад нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох” хэмээн тус тус заасан байдаг.


Өнөөдрийн байдлаар “Эко сургууль” хөтөлбөрт 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг бүртгэлтэй байгаагаас 2017 онд болсон “Эко сургуулиудын үндэсний III чуулган”-аар 45 сургууль “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, 25 сургууль “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл, 3 сургууль “Ногоон туг” өргөмжлөлийг тус тус гардан аваад байгаа юм. Энэ удаа шинээр 24 сургууль “Хүрэл гэрэгэ”, 4 сургууль “Мөнгөн гэрэгэ”, 7 сургууль “Ногоон туг” өргөмжлөлийг тус тус гардан авлаа.




“Эко сургуулиудын үндэсний IV чуулган”-ыг БСШУСЯ, БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, “Эко сургууль” хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох “Байгаль орчны мэдээлэл  сургалтын төв” ТББ ажиллаж байна. Чуулганы үеэр “Эрүүл, аюулгүй, ногоон орчин” сэдвийн хүрээнд БСШУСЯ-наас боловсруулж байгаа “Сургуулийн орчны стандарт”-д санал өгөх хэлэлцүүлэг болж, мэргэжлийн байгууллагууд шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөн юм.

 

Холбоотой мэдээ