Нээлттэй өгөгдлийн үнэлгээний судалгааг Монголд анх удаа хийгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-10 14:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний судалгааг анх удаагаа хийж гүйцэтгээд байна. Судалгааны дүнг энэ 11-р сарын 13-нд танилцуулах үйл ажиллагааг Засгийн газрын ХЭГ-аас зохион байгуулах гэж байна.

Нээлттэй өгөгдлийн байдал гэдэг нь хоорондоо уялдаа холбоотой мэдээллүүдийг тодорхой хэлбэрт оруулж багцалсныг хэлэх бөгөөд энэхүү багц мэдээллийг ямар ч байгууллага, хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл юм. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Засгийн газрын ХЭГ, МУИС-аас хамтран хийх судалгааны дүнг танилцуулах арга хэмжээн дээр “Нээлттэй өгөгдөл: Нийгэмд үзүүлэх нөлөө”-ний талаар Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний ахлах зөвлөх, доктор Г.Амарсанаа, “Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө, гол өгөгдлийн бүрдлийн тойм тодорхойлолт”-ын талаар зөвлөх З.Цолмон нар танилцуулна. 

“Монгол Улсад Нээлттэй өгөгдлийг хэрэглэх боломж”-ийн талаар “Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамир, “Төрийн нээлттэй өгөгдлийн жишээ: Тендерийн нээлттэй өгөгдөл”-ийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээллийн технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу нар тус тус илтгэлж тавьж хэлэлцүүлэх юм.





Тодруулга: Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд урьдач ажил болгон Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг Дэлхийн банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Ухаалаг засаг” төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Энэ үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан аргачлалын дагуу хийсэн байна.

Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ